Dark Light
Эдийн засаг | 2026-11-19

МОНГОЛ УЛС 2050 ОН ГЭХЭД ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ХЭРХЭН БУУРУУЛЖ, ЭДИЙН ЗАСГАА ШИНЭЧЛЭХ ВЭ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Уул уурхай, дулааны цахилгаан станц болон өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл нь Монгол Улсын эдийн засгийг тэтгэж байгаа ч малтмал түлшнээс хэт хамааралтай тус улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн өмнө хүндхэн сорилт тулгараад байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр айл өрх, бизнес, тээврийн салбарыг эрчим хүчээр хангах нь хүлэмжийн хийн ялгарлыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн олон улсын хөгжлийн асуудлаарх мэдээний Devdiscourse платформ бичжээ.

Economies сэтгүүлд хэвлэгдсэн “Монгол Улс дахь нүүрстөрөгч багатай эдийн засгийн хөгжил: 2050 он хүртэлх салбарын бүтэц ба технологийн шилжилтийн системийн динамик шинжилгээ” судалгаагаар эрдэмтэд эрчим хүч, үйлдвэрлэл, ойн менежментийн өөрчлөлтүүд Монголын хөгжлийг хэрхэн өөрчилж болохыг гурван хувилбараар харьцуулан судалжээ. Судалгааны хамгийн хүчтэй буюу өөрчлөлтийн хувилбараар Монгол Улс 2050 онд цэвэр хүлэмжийн хийн ялгарлаа ердийн хөгжлийн чиг хандлагаас 47.1 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолсон байна.

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГУРВАН ХУВИЛБАР

Судлаачид эдийн засгийн идэвхжлийг эрчим хүчний эрэлт, хүлэмжийн хийн ялгарал болон ойн нүүрстөрөгч шингээх чадвартай холбосон 2010–2050 оны системийн динамик загварыг боловсруулжээ. Уг загварт эдийн засгийн 18 салбар, 14 төрлийн модны ургалтыг тооцоолж, дараах гурван замыг харьцуулсан байна:

  • Ердийн чиг хандлага (Business as usual): Нэмэлт бууруулах арга хэмжээ авахгүйгээр одоогийн байдлаар үргэлжлэх зам. "Энэ тохиолдолд 2050 онд Монгол Улс нийт 93.19 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж, ой мод үүнээс 23.49 сая тонныг нь өөртөө шингээснээр агаарт 69.70 сая тонн хортой хий үлдэнэ гэсэн үг юм (2024 онд 23.92 сая тонн байсан).

  • Бууруулах хувилбар (Mitigation): Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0) зорилтын хүрээнд цэвэр эрчим хүч, барилгын дулаалга, тээвэр, хөдөө аж ахуй, хог хаягдлын менежментийг сайжруулах хувилбар. Энэ үед 2050 онд цэвэр ялгарал 58.85 сая тонн болж, ердийнхөөс 15.6 хувиар буурна.

  • Өөрчлөлтийн хувилбар (Transformational): Үйлдвэрлэлийн гүнзгий шинэчлэл, цахилгаанжуулалт, дулаан хангамж, уурхайн метан хийн хяналт болон экосистемийн хамгааллыг цогцоор нь хэрэгжүүлэх зам. Ингэснээр нийт ялгарал 79.95 сая тонн болж, ой мод 43.05 сая тонныг шингээснээр цэвэр ялгарал 36.90 сая тонн болж буурах аж.

ЗӨВХӨН ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ ХАНГАЛТГҮЙ

Бодлогын хоёр хувилбарт нийт 3,533 мегаваттын хүчин чадалтай эрчим хүчний 32 төслийг (1,800 МВт дулааны, 1,733 МВт сэргээгдэх эрчим хүч болон батарей хуримтлуур) тусгажээ. Сэргээгдэх эрчим хүчинд 220 МВт усан, 503 МВт нарны, 750 МВт салхины цахилгаан станц болон 260 МВт батарей багтаж байна. Харин өөрчлөлтийн хувилбарт 2041 оны орчимд 220 МВт хуучирсан дулааны хүчин чадлыг ашиглалтаас гаргаж, аж үйлдвэрийг цахилгаанжуулах, цөмийн болон усан эрчим хүчийг нэвтрүүлэхээр тооцоолжээ.

Гэхдээ дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэ станцууд барих үед буюу 2028–2029 онуудад хүлэмжийн хийн ялгарал түр хугацаанд огцом өсөх төлөвтэй тул хуучин станцуудыг хаах хугацааг нарийн уялдуулах нь чухал гэдгийг судлаачид анхааруулсан байна.

ОДОО БАЙГАА ОЙ МОДОО ХАМГААЛАХ НЬ МОД ТАРИХААС Ч ЧУХАЛ

Өөрчлөлтийн хувилбарт 2050 онд ойн нүүрстөрөгч шингээх чадвар ердийн чиг хандлагаас 19.56 сая тонноор илүү гарсан нь экосистемийн үүрэг ямар өндөр болохыг харуулж байна. Хамгийн сонирхолтой нь, энэхүү нэмэлт шингээлтийн 60 гаруй хувь нь зөвхөн шинээр мод тарихаас бус, харин одоо байгаа ой модыг идэвхтэй хамгаалж, менежмент хийснээс бүрдэх аж.

Ойн түймрийг унтраах, хортон шавжтай тэмцэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих нь нүүрстөрөгчийг аль хэдийн хадгалж буй нас гүйцсэн ойг авч үлдэх гол арга юм. Загварчлалаар ойн түймэрт өртөх талбайг 52.8 хувиар бууруулна гэж тооцжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан моддын амьдрах чадварын суурь үзүүлэлтийг 60 хувиар тооцсон бөгөөд усалгаа, малаас хамгаалах хашаа, арчилгаа зэрэг нь ирээдүйн ойн шингээлтэд шийдвэрлэх нөлөөтэйг онцолсон байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ САЛГАХ НЬ

Судалгаанд оролцсон гурван хувилбар бүгд 2050 он гэхэд нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) 501.8 их наяд төгрөгт хүргэхээр тооцоолсон ч зөвхөн өөрчлөлтийн хувилбар л 2041–2050 оны хооронд эдийн засгийн өсөлтийг хадгалахын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг жил бүр тогтвортой бууруулж чадахаар байна.

Эрдэмтэд Монгол Улсад хандан эрчим хүчний өргөтгөлийг хуучин станцуудыг хаах хуваарьтай уялдуулах, ойн хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх, уул уурхайгаас хамааралтай бүс нутгийн ажилчдыг шинэ ажлын байранд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ. Түүнчлэн дунд хугацаанд коксжих нүүрсний экспортоос олох орлогыг дотоодын цэвэр дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч суурилуулах болон газрын нөхөн сэргээлтэд зарцуулах нь хамгийн оновчтой шийдэл хэмээн дүгнэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08