УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг дэмжлээ хэмээн БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Лхагва гарагт хуралдаж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн талаар Синьхуа агентлаг уламжлалаа.
У.Хүрэлсүх эрх мэдлээ урвуулан ашигласан болон авлигын хэрэгт буруутгагдсаны дараа нэр төрөө сэргээх зорилгоор албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа Мягмар гарагт зарласан юм. Энэ нь Монгол Улсын түүхэнд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт албан ёсоор гаргасан анхны тохиолдол болж байгааг тус агентлаг онцолжээ.
126 гишүүнтэй нэг танхимтай парламент болох Улсын Их Хурал түүний хүсэлтийг дараагийн нэгдсэн чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга түр орлон гүйцэтгэнэ. Мөн ийм тохиолдолд парламент дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан зохион байгуулах зохицуулалттайг Синьхуа мэдээндээ дурдсан байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр




