Канадын “Entrée Resources” компани болон Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн “Хюго Хойд” (Hugo North Extension) ордын бүтээн байгуулалтыг саатуулаад буй ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрлийн асуудлаар 2027 оны гуравдугаар сарын 31 гэхэд эцсийн тохиролцоонд хүрэхээр зөвшилцсөнийг “The Northern Miner” мэдээллээ.
Хэлэлцээрийн гол асуудал юу вэ?
Улаанбаатараас өмнө зүгт 570 орчим км-т орших хамтарсан эзэмшлийн талбайн “Шивээ толгой” болон “Жавхлант” тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Энтри” ХХК-ийн (Entrée LLC) 34 хүртэлх хувийг төр эзэмших үү, эсвэл оронд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти) авах уу гэдэг дээр талууд зөвшилцөх бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.
-
Саатсан бүтээн байгуулалт: “Шивээ толгой” талбайд 2025 оны тавдугаар сарын 30 гэхэд 230 метр орчим хэвтээ малталт хийгдээд байсан ч тусгай зөвшөөрлийн маргааны улмаас ажлыг түр зогсоосон. Уг ордын 20 хувийг эзэмшдэг “Entrée Resources”-ийн гүйцэтгэх захирал Крис Адамс энэхүү маргааныг шийдвэрлэх нь компанийн 25 жилийн түүхэн дэх эргэлтийн цэг болно хэмээн тодотгожээ.
-
Оюу толгойн байр суурь: Уурхайн оператор “Оюутолгой” ХХК тухайн хэсэгт малталтыг үргэлжлүүлэхийн тулд тусгай зөвшөөрлүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд “Шивээ толгой” руу сунаж тогтсон гүний уурхайн нэгдүгээр түвшний “Панель 1” хэсгийг хамгийн сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн зөвшөөрөл шилжүүлэхэд шаардлагатай татварын тодорхойлолтыг бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар Татварын ерөнхий газраас хараахан олгоогүй байгаа аж.
Роялтигийн санал ба дараагийн шатны хэлэлцээ
Өнгөрсөн гуравдугаар сард “Entrée” компани өөрт ногдох баяжмалын нийт борлуулалтын орлогоос төр засагт роялти төлөх санал тавьсан ч албан ёсны хариу аваагүй тул шинэчилсэн санал бэлтгэж байна. Талууд арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд тохиролцсоны дагуу шаардлагатай бол гуравдугаар сараас хойш хэлэлцээний хугацааг харилцан зөвшилцөж сунгах боломжтой бөгөөд дараагийн шатны яриа хэлэлцээ ирэх нэгдүгээр сард болохоор товлогджээ.
Өрөмдлөгийн шинэ үр дүн
Үүний зэрэгцээ тус компани 2023–2026 оны хооронд “Хюго Хойд” өргөтгөлд хийсэн гүний өрөмдлөгийн долоон цооногийн шинжилгээний дүнг танилцуулсан байна. Тухайлбал, нэг цооногт 125.3 метрийн зузаантай 1.28 хувийн зэс, тонн тутамд 0.27 грамм алт, 3.18 грамм мөнгөний агуулгатай хүдэр илэрсэн бол өөр нэг цооногт 67.6 метрийн зузаантай 0.95 хувийн зэс, 0.203 грамм алтны эрдэсжилт тогтоогджээ. “Entrée” компани 2027 оны нэгдүгээр улиралд багтаан нөөцийн шинэчилсэн загвар болон уурхайн төлөвлөгөөг багтаасан техникийн тайлангаа гаргахаар зорьж байна.
(Сануулахад, Оюу толгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг “Rio Tinto” компани эзэмшдэг бөгөөд 2028–2036 оны хооронд ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж байгаа юм).
ТАТАР МАЙДАР






Эдийн засаг


