Орон нутгийн эмэгтэйчүүд умайн хүзүүний эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсаны дараа хариугаа авах, нэмэлт оношилгоо, эмчилгээ хийлгэхийн тулд Улаанбаатар хот руу дахин дахин зорчих шаардлага тулгардаг. Замын зардал, байрлах газар, ажлын чөлөө болон ар гэрийн зохицуулалт зэрэг хүндрэлүүд нь орон нутгийн эмэгтэйчүүдийг шаардлагатай тусламжаасаа хоцроход хүргэдэг байна.
Үүнийг шийдвэрлэх зорилгоор умайн хүзүүний хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, доктор Лувсандоржийн Баярсайхан болон түнш эмнэлгүүдтэй холбоотой Монголын умайн хүзүүний хавдраас сэргийлэх сүлжээ буюу “CerviNet” (Mongolian Cervical Cancer Prevention Network) олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулах цогц шийдлийг танилцууллаа.
ДЭМБ-ын зөвлөмж ба “Триаж” үнэлгээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) умайн хүзүүний хавдрын анхдагч илрүүлэгт хүний папиллома вирусийн (HPV DNA) шинжилгээг зөвлөж, “Илрүүлэх → Лавлан ангилах (триаж үнэлгээ) → Заалтын дагуу эмчлэх” дарааллыг баримтлахыг чухалчилдаг. Шинжилгээний хариу “HPV эерэг” гарах нь шууд хавдартай гэсэн үг биш бөгөөд триаж үнэлгээний тусламжтайгаар хэнд нэмэлт оношилгоо, хэнд эмчилгээ, хэнд хугацаат хяналт шаардлагатайг ялган тогтоодог аж.
Орон нутагт тусламжийг ойртуулах 4 алхам:
-
Газар дээрх шинжилгээ ба зөвлөгөө: HPV шинжилгээг орон нутагт авч, хариуг нь тухайн газарт нь гарган тайлбарлаж, дараагийн алхмыг тодорхой хэлж өгөх.
-
Хиймэл оюун ухаан ба зайн хяналт: HPV эерэг гарсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний дүрсний үнэлгээнд “Cerviray AI” хиймэл оюуны дэмжлэгийг ашиглаж, нарийн мэргэжлийн эмч зайнаас давхар хянах нөхцөлийг бүрдүүлэх.
-
Явуулын багийн үзлэг, эмчилгээ: Мэргэжлийн явуулын баг орон нутагт очиж нэмэлт үзлэг, шаардлагатай эдийн сорьцыг авч, газар дээр нь хийх боломжтой эмчилгээг үзүүлэх.
-
Тасралтгүй хяналт: Нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай эмэгтэйчүүдийг дараагийн шатны эмнэлэгт холбож, оношилгоо, эмчилгээгээ бүрэн авах хүртэл нь дэмжиж хянах.
Хиймэл оюун ухаан нь эмчийн мэдлэг, туршлагыг алслагдсан нутагт хүргэх туслах хэрэгсэл бөгөөд эцсийн онош, шийдвэрийг мэргэжлийн эмч гаргадаг болохыг тус сүлжээ онцолжээ. Ийнхүү шинжилгээ авснаар ажлыг дуусгалгүй, хариуг нь танилцуулж, эмчилгээнд бүрэн хамруулснаар эмэгтэйчүүдийн олон удаагийн аялал, цаг хугацаа, санхүүгийн дарамтыг бууруулах боломж бүрдэх юм.
ТАТАР МАЙДАР







Эрүүл мэнд


