Dark Light
Нийгэм | 2025-05-01

Н.ЭНХМАА: ДУРТАЙ БҮЖГҮҮДЭЭ БҮЖИГЛЭЖ АМЖААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

"Эгшү Монголиа" охидын мото клубын ерөнхийлөгч, "Одтой бүжиглэе" шоуны оролцогч Н.Энхмаатай ярилцлаа.

-Эгшүгийнхэн энэ жил ямар зорилго төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна вэ?

-Энэ жил бид ерөнхийдөө шинэ гишүүдээ элсүүлж, эхний ээлжинд туршилтын байдлаар хотын гаднах аяллуудыг төлөвлөсөн. 2-3 удаагийн аялал хийхээр байгаа. Үүн дээр нэмээд нийгмийн хариуцлагын хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран замын соёл, мото спортын талаарх уриалгат бичлэгүүд хийхээр төлөвлөж байна. Манай цагдаа нар ч бас сүүлийн үед утаа унаж эхэлсэн нь их гоё санагдсан.

-Саяхан "Одтой бүжиглэе" шоунд оролцсон. Энэ туршлага хэрхэн санагдав?

-Тэр бол үнэхээр өөр түвшний сорилт байсан. Бүжиг гэдэг чинь өөрөө яг спорт юм байна лээ. Латин, стандарт 13 төрлийн бүжиг бүр тусдаа техниктэй, нарийн дэг журамтай. Би өмнө нь огт хичээллэж байгаагүй болохоор их хүнд байсан. Өөрийнхөө дуртай бүжгүүдийг авч чадаагүй ч, тэсэж туулсан нь миний хувьд том ялалт. Бүжгийн шоуг зурагтаар харахад “Энийг чинь ингээд л хийгээд л болчихно доо” гэж бодогддог. Харин өөрөө тайзан дээр гарахад бүх юм нарийн, төвөгтэй, техникийн дагуу, заримдаа бүр аюултай санагддаг.

-Тайзан дээр өөрийгөө бүрэн гаргаж чадсан уу?

-100 хувь биш ээ. Би өөртөө 80 оноо өгч чадна. Нэг талаар өөрийнхөө зоригийг сорьж, “Яасан ч яадаг юм!” гэсэн байдлаар сүүлдээ биеэ барихаа больсон. Гэхдээ яг илэрхийлэх чадвар дээр жаахан дутагдалтай байсан. Би нэг юмыг дотроо бясалгаж, удаан бодож байж тайлбарладаг хүн. Шууд үгээ олж хэлэх бол амар биш. Хонгорзул дээр очиход бүх юмаа мартчихдаг, харин бусад нь өөрсдийгөө илэрхийлэхдээ гоё, фэн маягтай байсан.

-Биеийн бэлтгэл, өвдөгний бэртэл дээр хэр байв?

-Би угаасаа өвдөгний дискийн асуудалтай. Бүжгийн бэлтгэлийн үеэр жаахан бүжиглээд л өвдөг өвдөөд эхэлнэ. Бараг л баавгайн тос түрхэх нь холгүй. Гавар, шарлага, физик эмчилгээний аппарат гээд манай өрөө бараг л нөхөн сэргээх төв болсон. Үзэгчдэд гоё харагдаж байгаа ч ард нь ийм бэрхшээлүүд байсан.

-Тэгэхээр "Одтой бүжиглэе" шоу таны хувьд?

-Маш хүнд сорилт байсан. Өдөр болгон бэлтгэл, дараа нь дахин бэлтгэл. Хэн илүү чармайлт гаргана тэр тайзан дээр илүү гэрэлтэнэ. Сэтгэл зүйн бэлтгэл ч маш чухал байсан. Продюсерууд биднийг чиглүүлдэг ч зарим үед уналттай үе олон тохиолдсон. Гэхдээ тэсэж үлдсэндээ баяртай байна.

-Та "Эгшү Монголиа"-гийн хоёр дахь эвентээ хийж байгаа гэсэн?

-Тийм ээ, энэ жилийн эвент маань "5 Богд Жели" компанитай хамтарсан автомашины тест драйв өдөрлөг болсон. Зорилго нь улирлын эхлэлийг тэмдэглэх, шинэ гишүүн элсүүлэх, мөн “Монголын авто спортын өдөрлөг” болгон уламжлал болгох юм.

-Авто спорт, мото унадаг хүмүүсийн талаарх таны байр суурь?

-Дэлхий даяар мото спорт хүлээн зөвшөөрөгдсөн. Зарим оронд бүр мопед дээрээ хүүхдээ тэвэрчихсэн яваад л байдаг. Энэ бол тээврийн хэрэгсэл. Монголчууд маань ч бас мото унаж буй хүмүүсийг хүндэлж, тэгш хандах хэрэгтэй. Толиндоо харахгүй шахах, мөргөх, цагаан зураас давах зэрэг нь маш их асуудал дагуулдаг. Моточид бол биеэрээ цохилтыг шууд хүлээж авдаг. Тиймээс илүү анхааралтай, хүндэтгэлтэй байгаасай гэж хүсэж байна.

-Эцэст нь хэлэхэд, энэ бүхнээс та юуг сурч, ойлгов?

-Би хэзээ ч өөрийгөө ийм хүнд сорилтод оруулж байсангүй. Гэхдээ туулсан. Үүнээс суралцсан гол зүйл бол зориг, өөртөө итгэх итгэл, хамт олон, хөдөлмөрийн хүч. Би өнөөдөр илүү тайван, илүү өөртөө итгэлтэй хүн боллоо.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00