Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас олон нийтийн танил, контент бүтээгч Б.Баттөр буюу "Ангууч"-ийг тус сангийн Өсвөр үе, хүүхэд залуучуудын Элчээр албан ёсоор томиллоо.
Б.Баттөр нь 2021 оноос хойш UNICEF Mongolia-ийн зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ, кампанит ажилд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд хүүхдийн эрх, боловсрол, тэгш хүртээмжийг дэмжих чиглэлд өөрийн нэр хүнд, нөлөөгөөр бодит хувь нэмэр оруулж буй билээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс түүнийг анхны хандивлагч нарын нэг хэмээн онцолж байна. Тухайлбал, спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхижуулах зорилгоор Жиу Жицүгийн клуб байгуулсан, түүнчлэн хүүхдүүдэд зориулсан ЧИП багц (чадвар, мэдээлэл, хамгаалалт бүхий багц) хандивлах зэргээр олон ажлуудыг санаачилж, хэрэгжүүлжээ.
UNICEF Mongolia-аас мэдээлснээр, “Б.Баттөрийн тууштай, нийгмийн хариуцлагатай оролцоо нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон байна.
Энэ томилгоо нь нийгмийн нөлөө бүхий залуус хүүхдийн сайн сайхны төлөө ямар чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулж буй бөгөөд "Ангууч" хэмээх нэрээр олны танил болсон Б.Баттөр өсвөр үеийн төлөөлөл болж, илүү олон хүүхдэд урам зориг, боломжийг түгээхийг зорьж байна.