Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг анх 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр тунхаглаж, 1994 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн бол Монгол Улс 2005 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэдэг болсон.
Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль" сэдвээр Соёлын төв өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл чөлөөтэй санал бодлоо солилцож байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчныг бэхжүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, шийдэл эрэлхийлэх чухал ач холбогдолтой юм.
Мөн Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн мэргэжлийн эр зориг, үнэний төлөө тууштай зүтгэлийг үнэлэн, “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг олгодог уламжлалтай. 2025 оны “Үнэний төлөө” шагналын эзнээр “NTV” телевизийн сэтгүүлч Б.Оюунжаргал тодорч, шагналыг өчигдөр гардуулжээ. Тэрээр үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн сэтгүүлчдийн нэг юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийн ач холбогдлыг онцлон сурталчлах, улс орнуудын төр, засгийн газарт олон нийтийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг хүндэтгэхийг сануулах зорилготой. Мөн энэ өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг билээ.