Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг томоохон 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд засвар, тохижуулалтын ажил үргэлжилж байна.
Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээлэхдээ, “Нийслэлээс энэ ондоо багтаан 15 байршилд явган зорчигчийн замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ. Үлдсэн зургаан байршилд худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.
Шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг томоохон гудамжууд хамрагдаж байгаа юм. Шинэ явган зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, дугуй, скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод хүртээмжтэй байхаар хийгдэж байна. Чулуун хавтан нь барзгар гадаргуутай тул цас бороонд гулгахгүй, алхахад саад болохгүй бөгөөд 30x60 см болон 30x30 см хэмжээтэйгээр хийгдэж байна.
Мөн Геологийн төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган замын ажил эхэлжээ. “Бадрах-Инженеринг” ХХК-ийн авто замын инженер Э.Энхтүвшингийн хэлснээр, “5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл нийт 28 мянган ам.метр талбайд явган зам шинэчилнэ. Одоогийн байдлаар 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Явган замыг 4 метрийн өргөнтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөтөч хавтантайгаар хийнэ. Ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэжээ.
Уг төсөл хэрэгжсэнээр нийслэлийн явган зорчигчид илүү аюулгүй, тав тухтай, хүртээмжтэй орчинд зорчих боломж бүрдэх юм.