“Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Бельгийн хаант улсын нийслэл Брюссель хотноо зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэжээ.
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтүшиг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын дэд тэргүүн Г.Ганзориг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар хамтран мэдээлэл хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох тус наадам нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд, иргэдийн санаачилгаар байгуулагдсан байгууллагуудын хамтын ажиллагаагаар зохион байгуулагдана.
“Дэлхийн Монголчуудын наадам” нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний 2021-2030 оны хэрэгжилтийн хүрээнд хилийн чанадад амьдарч буй иргэддээ зориулсан анхны томоохон арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой. Одоогийн байдлаар хилийн чанадад 250 мянга орчим монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдний 85 мянга нь Европ тивд байгаа гэсэн мэдээлэл байна.
Наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, сур болон шагайн харваа, нумт шагайн харваа, монгол хоол, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт зэрэг Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тамирчдын бүртгэлийг холбогдох мэргэжлийн холбоод болон Европ дахь Элчин сайдын яамд хариуцан зохион байгуулах юм байна.