FIBA-ийн 3х3 Women's Series тэмцээний Ченгдугийн шатанд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Улаанбаатар Амазонс баг амжилттай оролцож, гурван байр эзлэн 8000 ам.долларын шагналын эзэн боллоо.
Тус тэмцээнд манай баг нийт дөрвөн тоглолт хийж, хоёр хожил, хоёр хожигдол гэсэн амжилт үзүүлсэн бөгөөд дунджаар 17.3 оноо авснаар Тайландын шигшээтэй ижил үзүүлэлттэй болсон.
Харин ФИБА-гийн дүрмийн дагуу хожлын тоо, онооны дундаж тэнцсэн тохиолдолд багуудын улсын чансаа буюу FIBA World Federation Ranking-аар эрэмбэлдэг. Монгол Улс дэлхийд #12-т, Тайланд #24-т эрэмбэлэгдэж буй тул манай баг Тайландын багийг гүйцэж, гуравдугаар байр эзлэв.
Шигшээ тоглолтын шатанд Улаанбаатар Амазонс баг Австралийн хүчирхэг багтай тулж, өрсөлдөөнтэй тоглолтын эцэст хожигдсон ч тэмцээний топ 4 багт багтаж, Азийн бүсээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг боллоо.
Монголын 3х3 эмэгтэй багийн олон улсын тавцан дахь амжилт улам бүр ахиж буйг энэхүү тэмцээн харууллаа. Амжилттай оролцсон тамирчин охид, дасгалжуулагчдад халуун баяр хүргэе.