Ардчилсан намын бүтэн ирцтай ажил хаялт үргэлжилсээр байна. Ерөнхий сайдаар толгой бөхийлгөж уучлалт гуйлгуулах ганцхан хүсэл тэдэнд бий. Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн тайлбарласнаар "Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ билүү томилогддог албан тушаалтан нь толгой дээр гарж суучихаад ёс зүйгүй харилцаа үүсгэж болохгүй, институц хоорондын асуудал. Тиймээс ерөнхий сайд уучлал гуйтал Ардчилсан намын гишүүд чуулганаар хэлэлцэх бүх асуудалд завсарлага авна. Ирцээ бүртгүүлнэ гэхдээ хуралдаа суухгүй" хэмээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас хэлэлцэх хоёр ч хуулийн төсөл тус намын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байсан. Гэтэл Ардчилсан нам өөрсдийнхөө гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх асуудалд завсарлага авсан нь ер нь яг хэнийг бойкотлоод байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Харин Засагт хамтарсан сайд нар болох О.Алтангэрэл, Ж.Батсуурь, Р.Эрдэнэбүрэн нар хуралдаанд оролцож бүлгийн шийдвэрээ эсэргүүцэж буйгаа амаараа биш л үйлдлээрээ үзүүлэв.
Эндээс харахад дуусдаггүй тамга тэмдэг, даргын зөөлөн сандалны марафон үргэлжилсээр байгаа бололтой. Улс төрийн хүрээнийхэн дунд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Э.Одбаяр нарын нэрс ч яригдаад эхэлж. Асуудал уучлал гуйх, гуйхгүйдээ биш намын дотоод асуудлаа шийдэх, тохироогоо хийх улс төрийн шийдвэр ч байж болох юм.