УИХ-лын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын маргаантай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ. Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгийнхээ төлөө УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ шалтгааны улмаас тус намын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа юм.
Л.Гантөмөр энэ талаар хэлэхдээ:
“Бүлэг хуралдаж дуусаад мэдээллээ өгнө. Ажил явах ёстой. Ойлголцож болохгүй зүйл байхгүй. УИХ-ын гишүүн микрофоноороо янз бүрийн л зүйлс ярьдаг. Сүүлийн 30 жилийн түүх ийм. Өөрийн микрофоноороо ярьсан зүйлээсээ болж хариуцлага хүлээх ёсгүй. Нэгнийгээ хулгайч, алуурчин гээд янз бүрээр ярьдаг. Гол нь ажил урагшлах ёстой. УИХ-ын гишүүн хүн өөрийн микрофоноор бодож байгаа зүйлээ бүрэн хэлэх эрхтэй.
Мөн “Ж.Баярмаа гишүүний асуудлаар АН өөр шаардлага тавиад байна уу?” гэх сэтгүүлчийн асуултад:
“Үгүй. Далимдуулсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Манай бүлгийн дарга ч байр сууриа илэрхийлсэн. Ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо л хэлэх ёстой. Би УИХ-ын индрээс өөрийн байр сууриа илэрхийлж болно. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувиар унасан, ноолуурын экспорт зэрэг намрын ажлууд хүлээгдэж байна. Эдгээр төлөвлөсөн ажлууд явж байх ёстой. Нэг асуудлыг нэг, хоёр долоо хоног хэрүүл болгож сунжруулах нь утгагүй. ” гэв.
Харин “Та намын даргын хувьд гишүүнээ өмөөрөхгүй юу? Тухайлбал, нөхрийнх нь хүүхдийг ч уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл гарсан” гэх асуултад:
"Тэр мэдээллийг танай хэвлэл л гаргасан. Энэ бол хэвлэл мэдээллийн онцлог. Хэн нэгний асуудал гарахаар та нар хэт сенсаацлах гээд байдаг. Түүнээс биш өндөр аваад байхаар зүйл биш. Үнэндээ заримдаа ичмээр санагддаг” хэмээн хариулав.