Dark Light
Нийгэм | 2025-05-06

MVCHI: БИ ЯМАР НЭГ ДҮР ЭСГЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Залуу уран бүтээлч Mvchi буюу Ч.Мөнхжинтэй ярилцлаа.

-Бидний яриа таны анхны тайзнаа хөл тавьсан тэр онцгой мөчөөс эхэлбэл ямар вэ? Тэр цаг үе таны зүрх сэтгэлд хэрхэн мөнхөрсөн бол?

-Миний анхны тайзнаа гарсан мөч үнэхээр амаргүй байсан. Roockie-тэй хамт дуулах санал ирээд, бид хоёр хамтарсан дуугаа тайзан дээр дуулсан юм. Би маш их санаа зовж байсан. Гэхдээ хүмүүс миний дуулсан хэсгийг хамт дагаж дуулж, бүжиглэж, цагийг үнэхээр сайхан өнгөрөөж байгааг хараад ‘Тийм ээ, энэ л миний хийх ёстой зүйл юм байна’ гэж бодсон. Миний мэдэрсэн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Хүмүүс ч бас миний дуунаас хүч авсан юм шиг санагдсан.

-Урлаг таны амьдралд хэрхэн орж ирсэн бэ?

-Ер нь би арван жилд байхдаа урлагийн үзлэгт орж, үргэлж 1-р байр эзэлдэг байсан. Хүүхдийн ордны дуулаачийн курст ч явдаг байлаа. Тиймээс сургуулиа төгсөөд өөрийнхөө дууг хийнэ гэж үргэлж бодож байсан. Хэдий мэргэжлээрээ Оросын олон улсын харилцааны сургуульд сурч, дипломат мэргэжлээр төгссөн ч дуу хөгжим надад өөр мэдрэмж өгдөг.

-Уран бүтээл тань хэрхэн төрдөг вэ?

-Хэрвээ тухайн үедээ гунигтай, тайван уур амьсгалтай байсан бол Сөүл хэв маягтай дуу гардаг. Харин сэтгэл өндөр, эрч хүчтэй байвал хаус, поп, dancehall чиглэл рүү гулсчихдаг. Тэгэхээр дууны жанр гэдэг нь тухайн мөчид миний сэтгэлзүйгээс ихээхэн хамаардаг юм байна лээ. Сонирхолтой нь, би анхнаасаа яг энэ төрлийн дуу хийнэ гэж бодоогүй. Арван жилд байхдаа ардын дуу дуулдаг байсан болохоор цаашдаа зөвхөн ардын дуу дуулах байх гэж бодож байлаа. Гэвч хүн өөрийнхөө сонирхлыг ойлгож эхлэхээр бүх зүйл өөрчлөгддөг юм байна.

-Уран бүтээлүүдийн тань талаар дурсвал “Let Me Down”, “Marilyn Monroe” зэрэг сэтгэлд хоногшсон хит дуунууд олон. Эдгээр бүтээлүүд хэрхэн төрсөн түүхтэй вэ?

-"Let Me Down" дууны тухайд бол би Орост сурч байхдаа бичсэн. Эрх чөлөө, хүсэл тэмүүлэл минь тэр дуунд шингэсэн. Надад нэг хэвийн амьдралын хэмнэлээс гарах хүсэл байсан – хичээлдээ яваад, гэртээ ирээд, даалгавраа хийгээд л. Нэг мэдэхэд би тийм хэв маягт баригдчихсан байлаа. Тиймээс тэр мэдрэмжүүдээ дуу болгон гаргасан.

"Marilyn Monroe" бол зүгээр л гоё vibe мэдрэгдсэн учраас хийсэн дуу. Машинд явж байхдаа найзын маань явуулсан аяыг сонсоод, шууд сэтгэл хөдөлж, “хурдалсаар, хуучин зүйлсийг гээсээр...” гэж шууд л үг бичиж эхэлсэн. Яг тэр замаар явж байхдаа толгойд орж ирсэн бүхнээ бичсэн юм. Миний дууны үгс ихэнхдээ яг ийм – гэнэт төрсөн мэдрэмжээс гардаг. Заримдаа найзууд маань санаандгүй хэлсэн гоё үгийг ч тэмдэглэж авдаг.

Дууны үг бичих үед би ихэвчлэн ганцаараа, гэртээ эсвэл машиндаа, тухайн аяыг сонсож байж бичдэг. Ая нь яг ямар мэдрэмж төрүүлж байна, би дотроо юу мэдэрч байна гэдгээс бүх зүйл эхэлдэг.

"Free yourself" дууны доор нэг хүн ингэж коммент бичсэн байсан: "Энэ дууг сонсохоос өмнө би өөрийгөө аймаар хэцүү зүйлтэй хүлчихсэн байсан. Харин дууг чинь сонсоод найз залуугаасаа салж, бусдын бодлоос чөлөөлөгдөж, өөрөөрөө байх зоригийг оллоо." Үүнийг уншаад үнэхээр их урам авсан. Хэрвээ миний дуу хэн нэгэнд гэрэл болсон бол, би үнэхээр хийх ёстой зүйлээ хийж байна гэсэн итгэл төрсөн.

Тоглолтууд дээр хүмүүс миний оронд дууг минь дуулаад, бүжиглээд байгааг харах мэдрэмж бол хэлэхийн аргагүй гайхалтай. YouTube дээрх үзэлтүүдээс өөр – яг бодит байдал дээр тэр хүмүүсийг харах, мэдрэх нь өөр. Заримдаа яг Ганданд ороод, ном уншиж хийморь сэргээдэг шиг мэдрэмж төрдөг.

Анхны бичүүлсэн дуу маань "Let Me Down" байсан. Монголд ирээд байж байхад надад холбогдоод, "энэ дууг бичүүлээд үзье" гэсэн. Тэгээд Desant ах, Тоонотын Дээгий ах хоёр маань сонсоод "ямар гоё дуу вэ, бичүүлэе ээ" гээд урам өгсөн. Ингэж л эхэлсэн.

-Та уран бүтээлээрээ юуг мэдрүүлж, юуг өгүүлэхийг хүсдэг вэ? Таны дотоод ертөнц, үзэл бодол хэрхэн бүтээл болгон урсдаг вэ?

-Сүүлд дууныхаа үгсийг эргээд харахад, бүгд ижил утгыг илэрхийлдэг байсан. “Хэцүү зүйлдээ өөрийгөө бүү уя. Өөртөө итгэ. Эрх чөлөөтэй бай. Залуу насаа хамгийн сайхнаар нь өнгөрөө.” – гэсэн мессеж. Энэ утга санаагаа өөр өөр үгээр, өөр өөр дуугаар дамжуулж хүргэхийг хичээдэг.

Хүн чамайг гомдоож болно, итгэл алдаж ч мэднэ. Гэхдээ дахиж бусдад итгэх итгэлээ бүү алд. Хүн болгон адилгүй. Өөрийнхөө амьдралыг гартаа атгаж, хамгийн гоё хувилбараараа байгаасай гэж хүсдэг. Би өөрөө ч тэгж амьдрахыг хичээдэг.

-Мэдрэмж, хөг, үгсийн аль нь таныг хөтөлдөг вэ?

-Ганцаараа байхдаа би сонгодог хөгжим сонсдог. Өглөө, оройдоо Моцарт зэрэг тайвшруулдаг хөгжмийг тавиад тэмдэглэл бичдэг, юугаа хийх, юу мэдэрч байгаа зэргээ ойлгохыг хичээдэг. Тэгээд ном унших, дасгал хийх, өрөөгөө цэгцлэх зэрэг энгийн зүйлсийг хийдэг. Машинаа унаад, сэлүүхэн замаар явж байхдаа шинэ санаа орж ирдэг. Зам дагаж бодлууд цэгцэрдэг, шинэ санаа гарч ирээд байдаг. Тэгээд л машин дотроо, эсвэл ганцаараа байхад тэр бодлууд чинь нэг нэгээрээ холбогдоод, аяндаа дууны үг болж хувирдаг. Заримдаа яг тэр мэдрэмжийг цаг алдалгүй барьж авахгүй бол дараа нь мартчихдаг болохоор ихэнхдээ шууд утсандаа тэмдэглэж үлдээдэг. Тэгээд заримдаа тэр тэмдэглэл дундаас, эсвэл өмнө нь бичсэн хэдэн мөрнөөс дараагийн дууны санаа гарч ирдэг.

Надад уран бүтээл гэдэг зүгээр нэг дуу бичихээс илүү өөрийгөө илэрхийлэх, амьдралынхаа тодорхой мөчүүдийг дурсамж болгон үлдээх, бас бусдад хуваалцах боломж болдог. Тэр бол миний эрх чөлөөний хэлбэр. Би ямар нэгэн дүр эсгэхийг хүсдэггүй. Өөрийнхөөрөө, яг тухайн мэдэрч байгаа мэдрэмжээрээ бичих дуртай. Тэгэхээр зарим дуу илүү баяр баясгалантай, зарим нь илүү гунигтай эсвэл дотогшоо шинжтэй байдаг.

Хамгийн гол нь миний дуу хэн нэгний амьдралд бага ч гэсэн гэрэл нэмсэн байвал, тэр хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан байвал, тэгээд л хангалттай гэж боддог. Би өөрөө өөрийгөө урамшуулж, бас хүмүүст урам өгдөг дуу хиймээр байдаг. Хэн нэгэн миний дууг сонсоод “Би ганцаараа биш юм байна” гэж мэдэрвэл, тэр л миний зорилго биелсэн гэсэн үг.

-Тайзнаа дуулж байхад хачирхалтай фэнтэй таарах шиг болж байсан уу?

-Тайзан дээр дуулж байлаа. Гэтэл гэнэт нэг хүн гарч ирээд бүжиглэж эхэлсэн. Би ч эхэндээ тэгтлээ тоогоогүй, "Өөрөө надад ойртохгүй бүжгээ хийгээд л дуусчих байх" гэж бодсон юм. Гэтэл яг дэргэд ирээд, хацар дээр үнсчих нь тэр! Би үнэхээр шоконд ороод, шууд дуугаа зогсоогоод, “Энэ хүнийг тайзнаас буулгахгүй бол би дуулж чадахгүй ээ” гэж хэлж байсан үе бий. Тэр бол үнэхээр байж болохгүй зүйл. Тайзан дээр гарч ирж, хүний хувийн орон зайг зөрчинө гэдэг бол ямар ч нөхцөлд зөвтгөгдөхгүй.

Одоо тайз, тоглолтын аюулгүй байдлыг илүү сайжруулах шаардлагатай гэж боддог. Эрэгтэй дуучид ч гэсэн ийм нөхцөл байдалд өртдөг. Заримдаа охид хэт задгай аашилж, олны танил хүнийг зүгээр дуулж байхад нь тайван орхиж чаддаггүй. Нөгөө талаасаа тэр хүн өөрөө фэнүүдээ хүндэлж, эвтэйхэн ханддаг болохоор илүү төвөгтэй байдал үүсдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд хүний хувийн орон зайг хүндэтгэх ёстой.

-Таны аавтайгаа хамтран хийсэн бичлэгүүд олон хүнд хүрч, маш өндөр хандалттай байгаа шиг харагддаг...

-Аан, тэгээд манай аав жүдогийн ОУХМ, залуудаа төрийн тусгайгийн эхний 13 салааны ахлагч байсан, төрд зүтгэж явсан цэрэг, цагдаагийн спортын хүн. Саяхан нэг удаа бид хоёр хөдөө хамт явж байхдаа аавынхаа бичлэгийг хийж, “Баярын мэнд хүргэе” гэж инстаграмд тавьсан юм. Гэтэл тэр бичлэг нь олон мянган үзэлттэй болж, хүмүүс маш эерэгээр хүлээж авсан. Тэгээд хожим аав маань өөрөө "хоёулаа нэг рийл хийе" гээд хүртэл санал тавьсан. Тэр үеэс хойш хүмүүс аавыг маань таньж, хүндэлж, хайраа илэрхийлдэг болсон.

Би айлын бага охин. Эгч маань надаас 8 насаар эгч, намайг 8 настай байхад Америк руу сургуульд явсан. Тийм болохоор би яг л айлын ганц охин шиг өссөн. Одоо хүртэл ээж, аавтайгаа хамт амьдардаг. Ээж аав хоёр маань өдөр болгон шахуу надад сургаал, зөвлөгөө хэлж, инээдэм наргиа яриад сууж байдаг. “Амьдрал ямар ч амжилттай байсан даруухан, болгоомжтой байх хэрэгтэй” гэж үргэлж сануулдаг. Ээж аавтайгаа би найз шиг дотно, бүгдийг нь ярьдаг. Манай гэрийн уур амьсгал үнэхээр дулаахан, хайртай хүмүүс минь.

-Ямар төрлийн эр хүн сонирхдог вэ?

-Би ер нь бол төлөвшсөн, ухаалаг, мэдрэмжтэй хүнтэй харилцах дуртай. Хүний гадна төрх, эхний сэтгэгдлээр бус, яриа, харилцааны гүн рүү орж байж тухайн хүнийг ойлгох дуртай. Тэр “вайб” гэдэг зүйл л их чухал санагддаг. Хэрвээ харилцах үед тэр мэдрэмж төрж байвал маш хүчтэй татагддаг.

-Таны хувьд амжилт гэж юу вэ?

-Хүн бүр өөр өөрийн онцлогтой ч, миний хувьд хамгийн чухал зүйл бол зорьсон ажлаа дундаас нь хаялгүй дуусгаж чаддаг байх. Хүн нэг зүйлийг хийхээр шийдсэн л бол гүйцэтгээд, хойш суухгүй байх нь өөрөө амжилт юм шиг санагддаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00