Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар 841.465 зөрчил бүртгэгдсэний 91.1 хувь нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.3 хувиар өссөн дүнтэй байна.
Тээврийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах болон хяналтын прокурорууд, Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах байцаагч нарыг оролцуулан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал" сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр дээрх зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулан, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэж, санал солилцсон байна.