Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг угтан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Иргэний нисэхийн салбарт ажиллаж, удирдаж байсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй асуудлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудын талаар санал солилцож, ахмад үеийнхэн залуустаа туршлагаасаа харамгүй хуваалцлаа.
Түүх сөхвөл, 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр хэмээн үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ.
