Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төсөл санаачилсныг мэдээллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин хэлэхдээ:
"Нэгдүгээрт, Монгол иргэн орлогоосоо 20 хүртэлх хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь ажилгүйдэл нэмэгдүүлэх, ажлын байрын үр ашгийг бууруулах, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хүнд байдалд оруулах нөхцөл болж байна. Тиймээс энэ хэсгийг хасах санал оруулсан. Ингэснээр иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хоол унаа, байрны зардлын хөнгөлөлт зэрэг бодит дэмжлэгээс нийгмийн даатгалын шимтгэл авахыг зогсоох зохицуулалт туссан. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, ажил олгогчдыг ажилтандаа урамшуулал, хөнгөлөлт өгөх сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Гуравдугаарт, байгууллагаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоох зохицуулалт тусгасан. Энэ нь байгууллагын үр ашиг, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Эдгээр гурван үндсэн чиглэлээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэв.