УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр захирамж гаргаж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Энэ ажлын хэсэг нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, холбогдох үнэлгээ дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Тус заалтад Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон эзэмших хэлбэрийг тодорхойлж, Засгийн газарт санал боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг өгсөн байдаг.
Өнөөдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл хийж, ирэх намрын чуулганд санал, шийдвэрийн төсөл танилцуулах хүртэл хийх ажлын талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгын мэдээлснээр, холбогдох мэргэжлийн байгууллагууд, шинжээчдийг татан оролцуулж, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэсэн санал, дүгнэлт гаргах ажил эхэлж байгаа гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
"Өнгөрсөн 18 жилийн турш ард иргэд стратегийн орд газруудаас үр өгөөж хүртэхийг хүлээсээр ирсэн. Үүний хариуг өгөх, хэрэгжилтийг бодитой үнэлэх цаг нь болсон. Энэ удаагийн УИХ түүхэн шийдвэр гаргалаа" хэмээн онцлов.
Тэрбээр өмнө нь Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан талаар мөн мэдээлэв.
Харин УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл нь хууль зүйн шаардлага хангаагүй учир Тамгын газраас бүрдлийг буцаасан” хэмээв. Мөн өмнө нь Оюутолгой, Цагаан суварга ордын төрийн эзэмшлийн талаар тогтоол гарсан ч Тавантолгой, Асгат ордуудын тухай заалт өнөөг хүртэл хэрэгжээгүйг санууллаа.
Тэрчлэн Засгийн газар 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд төрийн эзэмшлийн талаархи саналаа тусгасан шинэ тогтоолын төслийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буйг онцолсон байна.