УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (шинэчилсэн найруулга)” болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Эдгээр хуулиуд нь 2024 оны УИХ-ын 72 дугаар тогтоолоор батлагдсан “Хот байгуулах тухай” шийдвэрийг хэрэгжүүлэх үндэс болох юм. Уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх зэрэг улсын зэрэглэлтэй 6 хот, мөн орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул 4 хотыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн хотуудын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өмч, хөрөнгө, төсөв болон байгууллагын бүтэц, орон тоог холбогдох хотууд руу шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг Засгийн газарт даалгасан.
Гэвч эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай болсон тул шинэчлэн батлагдсан хуулиуд болон УИХ-ын тогтоолын хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах заалт бүхий хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа байгуулагдах Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг дарга нар нь 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тухайн хотуудын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хуулийн дагуу хэрэгжүүлж эхлэхээр тусгасан ч хэрэгжилтийг хангахад шаардагдах бэлтгэл ажлууд, ялангуяа орон нутгийн зохицуулалтууд цаг хугацааны хувьд амжихгүй байгааг төсөлд дурджээ.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, энэхүү хуулийн төслийг өргөн барьснаар хот байгуулалтын эрх зүйн шинэчлэлийн шилжилтийн үйл явцыг зохион байгуулалттай, шат дараатай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.