Dark Light
Нийгэм | 2025-05-10

ТӨРИЙН СОЁРХОЛТ, МУГЖ Ц.ЭНХМАНЛАЙГ ДАВАА ГАРАГТ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн соёрхолт “Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Ц.Энхманлайг 2025 оны тавдугаар сарын 12-ны даваа гарагт сүүлчийн замд нь үдэхээр болжээ. 

Үдэн гаргах хүндэтгэлийн ёслол 05:40-07:30 цагт Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Төрийн соёрхолт “Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. 


Ц.Энхманлай нь 1956 оны 9-р сарын 27-нд Улаанбаатар хотноо мэндэлж, 1974 онд ерөнхий боловсролын дунд сургууль, Төмөр замын техникумыг дүүргэж, 1975 оноос ажлын гараагаа эхлүүлж УБТЗ-ын ажилчин залуусын "Ногоон гэрэл" хамтлагт хөгжимчин, 1977 онд МҮЭСТО-ы дэргэдэх "Айзам" хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүн, 1978 онд ардын армийн 122 дугаар ангийн байлдагч, 1978-1983 онуудад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Соёмбо" чуулгын хөгжимчин, 1983 онд Улсын циркийн хөгжимчин, 1986-1988 онд "Цирк-Эстрад” хамтлагийн уран сайхны удирдагч, хөгжимчнөөр тус тус амжилттай ажилласан юм.

1989 онд УДЭТ-ын дэргэд "Харанга" хамтлаг, 1993 онд “Харанга” рок төвийг санаачлан байгуулж, залуу хамтлаг, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилтын байр танхим, хөгжмийн зэмсгүүдээр хангаж, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлдэг үлгэр жишээ удирдагч байв. Мөн 2005 онд “Ажнай хуур” үндэсний хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулж, 2017 онд Хүүхдэд зориулсан хамгийн анхны энтертайнмент тайзтай, “49-р гудамж” хүүхэд, залуучуудын театрыг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар 2022 он хүртэл ажилласан билээ. Монголын орчин цагийн дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлсэн, эстрад, рок поп урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан эрхэм хүмүүн байсан юм.

Тэрээр 1978 онд Авирмэдийн хөгжим “Өссөн нутаг” дууг дуулснаар олонд танигдаж, уг дуу нь Монголын радиогийн “Алтан фонд”-д бичигдэн үлдэж, 1988 онд “Найман гитарын цуурай” фестивальд оролцож тэргүүн байр эзэлж чадварлаг залуу уран бүтээлч болохоо харуулж чадсан юм.

Ц.Энхманлай нь 20 гаруй кино, жүжгийн хөгжмийг туурвисан бөгөөд 1987 онд “Мэргэн Бөөдий” телевизийн богино хэмжээний УСК, 1992 онд “Босоо ороолон” МУСК, 1993 онд "Өдрийн оддын зүгт" МУСК, 1995 онд “Шувуухай” МУСК, мөн тус онд “495” рок драмын жүжиг, 1997 онд Японы NHK телевизийн "Нар хиртэлт" баримтат киноны хөгжим, 1999 онд “Тэнхээтэй сэтгэл” МУСК, мөн ондоо “Амьдралын урсгал” МУСК, “Сэтгэлд шивнэсэн үг” МУСК, 2001 онд “Амин хайр”, “Будилаан” МУСК-ны хөгжмийг бичиж найруулжээ. Түүнчлэн Б.Лхагвасүрэнгийн “Чимээгүй шөнө” жүжиг, “Жамуха” жүжиг, “Бүгд унтаж байхад” зэрэг жүжгийн хөгжмийг зохиож “Харанга” рок хамтлагийн анхны “Амьдрал" тоглолтoo нэрлэсэн “Амьдрал" дууны шүлэг, аялгуу, "Аялгуу", “Кисс ми”, "Шивнээ" зэрэг дууны аялгуу, “Зэрэглээ”, “Энэ бол дурлал биш”, “Зүүдэндээ би хайртай”, “Шүүдэр цэцэг”, “Манан”, “Тийм ээ”, “Алсын гялбаа” зэрэг дууны шүлгүүд, “Зөвхөн Монголдоо”, “Аялгуу”, “Чамдаа дуулах дуу”, “Блюз”, “Кисс ми”, “Аавдаа” зэрэг дуунуудыг “Харанга” хамтлагаараа дуулж олны хүртээл болгожээ. Улмаар “Хүжийн гал”, “Өссөн нутаг”, “Бүүвэйн дуу”, “Отгонтэнгэр”, “Хүү чинь таныгаа” зэрэг хувийн уран бүтээлүүдээ туурвиж, 2006 онд “Амьдрал аялгуу” цомгоо сонсогчдодоо хүргэж, 1994 онд бие даасан "Учралын хорвоо", 2006 онд "Амьдрал аялгуу" тоглолтуудаа толилуулсан юм.

Тэрээр Монголын бүх цаг үеийн рок, попын уран бүтээлчдэд зориулан “Чамайг тоссон зам”, “Чимээгүй шөнө” жүжгийн дуу, “Амласан хайр” тэргүүтэй олон арван хит дууг зохиосон чадварлаг хөгжмийн зохиолч, уран бүтээлч байлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00