Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар 04 дүгээр сарын 02-ны өдөр гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг 05 дугаар сарын 11-ний энэ өдөр Төв аймгийн Зуунмод суманд хүрэлцэн ирлээ.
Марафон гүйгчид Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв гэсэн 7 аймгийг нутгийн туулсаар Зуунмод суманд хүрэлцэн ирэхэд 1873 км зам туулсан байв. Багаараа түүхэн амжилт тогтоох зорилго өвөртлөн яваа “Таван цэг” багийнхныг энэ өдөр Төв аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Т.Төмөрчөдөр, Хуурай замын цэргийн штабын ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр, Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Б.Хүрэлсүх, нэгтгэлийн ахмад дайчдын төлөөлөл Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд ёслол төгөлдөр угтан авав.
Төв аймгийн угтах хаалганаас ХЗЦК, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 314, 334 дүгээр ангийн алба хаагчдаас гадна Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Дөл” цэрэг-спортын тэмцээнд тэргүүлэгч “Залгамж”, “Элит” багийн сурагчид зэрэг өнөр олуулаа угтан авч, Мөнх-Алдарын талбай хүртэл хамтдаа гүйв.
Гүйгчдэд хандаж Төв аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр хэлсэн үгэндээ “Цэргийн алба хаагчид л энэ гайхамшгийг үзүүлж чадах байх. Энэ бол хэн хүний аавын хүү, ээжийн охины хийж чадах эр зориг, тэсвэр тэвчээр биш. Үнэхээр бахархаж байна. Манай сайхан нутгаар дайран өнгөрч, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Төв аймгийнхан бид цэргийн алба хаагчдадаа хэзээд халуун дотноор ханддаг” хэмээгээд “Таван цэг” багийнханд өмнөө тавьсан зорилгодоо саадгүй хүрэхийн ерөөл дэвшүүллээ.
Бригадын генерал Ц.Буяндэлгэр манай гүйгч цэргийн алба хаагчдыг өдгөө туулаад байгаа 7 аймгийн орон нутгийн удирдлагууд, ард иргэд, хүүхэд залуус, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхан хүндэтгэл үзүүлж байгаад талархаж буйгаа онцолж, тэр дундаа Зэвсэгт хүчний анги, салбарууд ойролцоо нь гүйж явааг сонсмогцоо нөмөрлөх түшиг тулгуур нь болж явааг цохон тэмдэглэв. Тэрээр гүйгчдэд эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, үзэсгэлэнт байгалийг зүрх, сэтгэлдээ зураглаж яваа түүхэн үйлсэд нь амжилт хүсэж, Монгол цэргийн босоо цагаан хийморь ивээж явахын ерөөл өргөлөө.
Түүний дараа ахмад дайчдын төлөөлөл бэлтгэлд байгаа хурандаа н.Нямдаваа, залуу үеийн төлөөлөл “Дөл” цэрэг-спортын тэмцээний шилдэг сурагчид үг хэлж, цугласан олон сэтгэлийн бэлгээ гүйгчдэд гардуулан өгч, төгсгөлд нь хамтдаа Д.Самдан баатрын хөшөөний ойролцоо мод тарьж, эх болсон байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг залуу үедээ үлгэрлэн харууллаа.
Энэ өдөр ХЗЦК, КАБЦК, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 065, 314, 334 дүгээр ангийн ахлагчийн бүрэлдэхүүн хоёр гүйгч ахлагчдаа амжилт ерөөхөөр олуулаа цугласан байв. Тэр дундаа эмэгтэй ахлагчтай чин сэтгэлийн яриа өрнүүлж, санал хүсэлтийг нь сонсож, урт холын замд нь амжилт хүсэхээр эмэгтэй сургагч ахлагч нар болох Кибер аюулгүй байдлын цэргийн командлалын ажиллагааны ахлагч сургагч ахлагч Г.Энхжаргал, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлагч сургагч ахлагч Д.Гүрцэцэг нар зорин ирсэн байлаа.
Гүйгчид өнөөдөр үдээс хойших гүйлтээр Зуунмод сумаас Налайх дүүрэг хүрэх бөгөөд 05 дугаар сарын 12-ны өглөө эх орныхоо зүүн хязгаарыг зорино.