Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс түс тас асууя. Хүү Тэмүүлэнгээс чинь авсан өндөр үнэтэй бэлэг сэлтээ найз охин Өгөөмөр нь Mira гэх инстаграм хаягаараа сонирхуулсан. Бэлэг өгсөн авсандаа асуудал нь байгаа юм биш. Иргэд нь ядуу, авилгажсан улс орны Ерөнхий сайдын 20 настай хүү Арабын хунтайж, дэлхийн баячуудын зэрэг зиндааны үнэтэй тансаг бэлэг өгсөн нь өөрөө асуулт. Ардчилсан орны Ерөнхий сайдаас татвар төлөгч бид асуух эрхтэй, нийтийн мөнгөний гал тогоог хариуцсан Та хариулах үүрэгтэй. Бид гүтгээгүй, бэрийн чинь үзүүлсэн бэлгийн зардлыг асууж байна. Та түс тас хариулаарай.
1. 20 настай хүү чинь найз охиндоо төрсөн өдрөөр нь 12,5 сая төгрөгийн Dior цүнх, 20 сая төгрөг бэлэглэжээ. Таны хүүгийн хувьд нэг л төрсөн өдрийн бэлгийн үнэ. Жирийн монгол залуугийн хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа, хүсэл мөрөөдлийн мөнгө. Харь улсад үүний төлөө харлаж цагаачилж, хөлсөө урсган хөдөлмөрлөдөг. Хүү чинь яг ямар бизнес эрхэлдэг юм бэ? Яаж санхүүгийн ийм өндөр амжилтад хүрсэн бол?
2. Таны бэр болох охин 5000 долларын Chanel цүнх, 4950 долларын Miu Miu пиджак, 20 саяын Damiani бөгж, Lexus RX 350 машин, Anterprima гэх мэт тэнгэрийн үнэтэй, тансаг брэндүүд хүүгээс чинь авснаа үзүүлдэг. Smeg брэндийн эд зүйлээр “Гал тогоогоо тохижуулж л жаргаж байна даа” гэж гайхуулдаг ч юм уу, танилцуулдаг. Та бизнес эрхэлж үзээгүй, Таны сарын цалин нэг цүнхэнд нь ч хүрэхгүй. Та хүүгийнхээ орлогыг хэзээ нотлох вэ?
3. Таны ХОМ-ийг үзлээ. Өөрийн жилийн орлого 243 сая, гэр бүлийн тань орлого 12,5 сая төгрөг. Бэрд чинь өгсөн бэлэг 325 сая. Хүү чинь найз охиндоо бүх ам бүлийнхээ бүтэн жилийн орлогоос чинь илүү үнэтэй бэлэг яаж өгсөн юм бол? Таны 30 саяын үнэтэй Highlander машин, 364 саяын орон сууцыг зарав уу? Хурдан удмын 5 морь, 18 адуу, 76 үхэр, 90 хонь 113 ямаа, 67,5 саяын үнэт эдлэл, 133 саяын хадгаламжийг чинь үрчих нь тэр үү?
4. Таны ам бүл ямар ажил, сургууль эрхэлдэг, хаана, хэрхэн амьдардаг нь нууцлаг. Авлигын эсрэг 5Ш ажиллагаагаа ч бодсон, ардчилсан орны Ерөнхий сайдын хувьд амьдрал ахуй, ашиг сонирхол нэгтэй хүмүүсээ хэзээ ил тод мэдээлэх вэ?
5. Төсвийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Ерөнхий сайд Та асуултад хариулахгүй бол бэр болох охин чинь хэн ч бэлэг авдаг л биз дээ, амлая хоёр улсаас нэг ч төгрөг аваагүй гэж зүтгэлээ гээд хардлага улам л ихэснэ. Бэрдээ бэлэг өгөлгүй л яах вэ дээ. Харин хэний мөнгө, хэрхэн яаж олсныг нотлох нь Өгөөмөр гэдэг охины биш Таны үүрэг. Нотолж чадахгүй бол хөрөнгө хураана гэж хэлж ярьдаг өндөр албан тушаалтны өөрөөсөө эхлэх биз дээ?