Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр гадаад харилцааны ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотоос хүрэлцэн ирсэн Хонг Беопео са хийдийн хамба лам Сим Сан тэргүүтэй Бурханы шашинтны төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Зочдыг МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба лам, Хамба номун хан, гэвш, лхаарамба Д.Жавзандорж хүлээн авч уулзан, хоёр орны шашны байгууллагуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Бусан хотын “Амьдралыг бие биедээ хуваалцахуй” хөдөлгөөний лам нар, тус хотын голлох номын дэлгүүрийн хамт олон, Бурханы шашинт иргэдийн холбоо, Солонгосын Бурханы шашинт оюутны холбооны төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.
Зочид Гандантэгчэнлин хийдийн түүхэн дурсгалууд, шашин соёлын өвтэй танилцаж, хийдийн зүгээс үзүүлсэн хүндэтгэл, найрсаг харилцаанд талархал илэрхийлэн, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

