Эрхүү мужийн хууль тогтоох хурлын депутатууд НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Зочдыг НИТХ-ын Ажлын албаны дарга М.Баяраа, Төлөөлөгч Б.Золтуяа, Б.Ану-Үжин, Э.Хуланнар хүлээж авлаа. Зочдын тухайд, Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Александр Ведерников тэргүүтэй дэд дарга Кузьма Алдаров бусад албаныхан хүрэлцэн ирэв.
Төлөөлөгч Б.Золтуяа "Та бүхнийг хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод айлчилж ирсэнд талархаж байна. НИТХ нь зургаан хороотой. Миний тэргүүлдэг Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо нь ногоон байгууламжийн төлөвлөлт, хяналт, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах ажлын төлөвлөлт, хяналт, нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт, нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний төвлөрсөн усан хангамж, уст цэгийн төлөвлөлт, хяналт, хог хаягдлын нэгдсэн төлөвлөлт, удирдлага, зохицуулалт, оршуулгын газрын үйл ажиллагаа зэрэг асуудлыг эрхэлдэг. Энэ хүрээнд хамтран ажиллахад бэлэн" гэдгээ илэрхийллээ.
Александр Ведерников “Улаанбаатарчууд авто замын түгжрэлээ арилгахын тулд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорьсонд баяртай байна. Транбай, метро, дүүжин тээврээ амжилттай бүтээн байгуулъя гэвэл судалгаа, тооцоо, ТЭЗҮ зэрэгт төсөв мөнгө харамгүй зориулах хэрэгтэйг зөвлөе. Туршлагатай орны инженерийн ухаалаг шийдлээс ашигла” гэв.
Уулзалтаар нийслэлд хэрэгжих 14 мега төслийн боловсон хүчин, эдийн засгийн хамтын ажиллагаа, газан түлш, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр зэрэг салбарын хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Зочид Орос-Монголын сургууль шинээр барих асуудлыг хэлэлцлээ. Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, Орос-Монголын III сургуульд орос хэлний сургалтын хэрэглэгдэхүүн гардуулах, Эрхүүгийн гудамжийг тохижуулах, засварлах ажил хийнэ гэдгээ илэрхийллээ.