УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.13/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланг сонсож, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоол баталлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай зургаан удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгааг нэгтгэн дүгнэлт гаргажээ. Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын 100 орчимд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зүйл, хэсэг, заалтууд тусгагдсан. 19 журам, 4 дүрэм, 12 стандарт, нийт 120 орчим эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 1-34 зүйл, хэсэг заалтыг тусгасан байдлыг судлахад Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэй холбогдсон зүйл, хэсэг, заалт 11, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 100 хэсэг, заалт бусад хуульд 172 зүйл, 144 хэсэг, 125 заалт тус тус хуульчилсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 82.4 хувь нь буюу 23 зүйл, 79 хэсэг, 81 заалт Монгол Улсын дотоодын эрхзүйн орчинд тодорхой хэмжээгээр тусгагдсан боловч үлдсэн 17.6 хувь огт тусгагдаагүй, эсвэл хэт ерөнхий зохицуулжээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарах хуулийн зохицуулалт зарим талаар хэт ерөнхий, хэрэгжих механизм, хариуцлагын тогтолцоо тодорхой бус байгаагаас шалтгаалан хэрэгжилт хангалтгүй, хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх байдалтай байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн эсрэг үйлдэгдэж буй зөрчил, хэрэг буурахгүй, нийгмийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй бус, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь хангалтгүй гэж ажлын хэсгээс үзжээ.
Иймд ажлын хэсгээс “Хуулийн биелэлтийг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээ авах тухай” чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх шаардлагатай гэж дүгнэснийг байнгын хороо хүлээн авч, тогтоол баталлаа.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг сонсов. Уг асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.