Dark Light
Нийгэм | 2020-02-18

Л.СӨРӨЛТ: ААВЫН МИНЬ САНААЧИЛСАН МӨСНИЙ БАЯР 20 НАС ХҮРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

       Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гадаад дотоодын олон аялагч жуулчдын сонирхон оролцдог Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том бөгөөд ууган эвентийн нэг бол Хөвсгөл далайн "Хөх сувд" мөсний баяр юм.  Энэ жилийн хувьд 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа энэ гайхамшигтай баярыг санаачлагч нэгэн хүндтэй эрхмийн хүүг энэ удаагийн ярилцлагадаа урилаа.  Энэ хүн бол СТА Жүжигчин Л.Сөрөлт юм.

Зө.мн: - Танд энэ өдрийн мэнд хүргэе.  2020 оны гараад эхний сардаа явж байна. Шинэ оныг ямар амжилт бүтээлээр эхлүүлж байна даа?

Л.С: -  Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.  Шинэ оныг олон сайхан бүтээлч ажлуудаар эхлүүлж байна.  Жишээ нь өнөөдөр  /1 сарын 24/ дуучин Түмэн-Өлзий бид хоёр Солонгос улс руу аялан тоглолтоор явах гэж байна. Ирээд мөн АНУ-д суугаа Монголчуудынхаа урилгаар АНУ-д тоглолтоо хийнэ.  Мөн  3 дугаар сарын сүүлээр "Мөрөөдлийн театр" -ын хамт олонтойгоо  европын орнуудаар аялан тоглолт хийнэ дээ.

Зө.мн: - Шинэ онд маш шахуу хөтөлбөртэй ажиллаж бас аялах нь ээ. Тэгэхээр энэ удаад тантай уран бүтээлээс арай өөр сэдвээр ярилцлага өрнүүлэх  юм. Учир нь  аав тань  Монголын хамгийн том эвентэд тооцогдох Хөвсгөлийн мөсний баярыг санаачлагч гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй шүү дээ. Та аавынхаа тухай болон аавтайгаа өнгөрүүлсэн бага насаа дурсаач?

Л.С: -  Ямар сайхан юм бэ? Аавынхаа тухай аавынхаа хийж бүтээсэн үйл хэргийн тухай ярихад үр хүүхэд нь болсон надад маш сайхан байна. Мөн аавын минь үйл хэргийн талаар маш соргог мэдэрсэн танд баярлалаа. Миний аавыг Д.Лхагвацогт гэдэг. Аав минь одоо бурхны оронд заларсан. Гэхдээ аавынхаа санаачилж байсан анхны мөсний баярыг би маш  тод санадаг юм.  Манайх Хөвсгөлийн уугуул хүмүүс л дээ.  11 дүгээр сарын сүүлээр сурагчдын хичээлийн улирлын хоёрдугаар ээлжийн амралт эхэлнэ. Тэгээд л аавтайгаа хамт  отог руу нь явахаар яарна. Аав минь байгаль орчны байцаагчийн ажилтай. Тэгээд л өглөө эрт босоод ээжээрээ хоол хийлгүүлж идээд л дулаан хувцаслаад морио унаад аавтайгаа гарч өгнө.  Бидний очих газар их хол. Өндөр өндөр уулыг даваад л их л бартаа саадтай газруудаар явна. Замдаа айлд хононо. Аавыг минь нутгийнхан нь их хүндэлдэг болохоор хоймроо суулгаад л дайлна. Сайхан ярилцаж, инээж дуулалдаж байгаад л унтацгаана. Аав минь хүнд урам зориг өгч сэтгэлийн галыг нь асааж чаддаг гайхамшигтай хүн байсан юм.  Ингээд өглөө эрт гарч явсаар оройдоо далай ээжийнхээ дэргэдэх Бахай уулнаа  аавынхаа байрладаг отогын гэрт ирнэ дээ.  Биднийг ирэх сургаар хажуу айлын хүмүүс нь гал түлчихсэн байна. Ингээд л аав бид хоёрын амьдрал эхэлнэ дээ. Тэнд -40 хүртэл хүйтэрнэ. Бид хоёрын оройн хийсэн лавшаа өглөө тогоондоо өндөөр гэгч овойгоод хөлдчихсөн байна шүү дээ. Тэгээд л лавшаагаа хагалаад дээр нь сүүтэй цай хийж гэсгээж иднэ. /инээв/  Сайхан аавтайгаа өнгөрүүлсэн хором мөч бүхэн үнэ цэнэтэй юм даа.  

                                                                                          

Зө.мн: - Хөх сувд мөсний баярт сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж 15000 хүртэл хүнийг хамарч өдгөө хөтөлбөр агуулгын хувьд баяжин өргөжиж байна.  Аавын тань санаачилсан үйл хэрэг өргөжиж хөгжсөөр энэ жил 20 нас хүрчээ?

Л.С: -   Тиймээ. Аав минь энэ үйл хэргийг  санаачлахдаа зөвхөн баяр төдий агуулгаар биш байгаль эх дэлхийгээ хэрхэн хамгаалах вэ?, нутгийн ард иргэдээ хэрхэн эв нэгдэлтэй нэгэн цул байлгах уу? гэсэн утга өргөн агуулгын төлөө санаачилсан юм.  Учир нь манай Хөвсгөлийн ард түмэн зун болохоор тархаад нүүчихнэ, өвөлдөө л цуглана. Тиймээс  өвлийн улиралд эх болсон далай ээжийнхээ хэвлий дээр нийтээр нь цуглуулж баяр хийж, санал бодлоо солилцдог болсон.  Өдгөө энэхүү мөсний баяр зөвхөн Хөвсгөл түмний төдийгүй Монголын ард түмний цаашлаад дэлхийн улс орноос ирсэн жуулчдын хуран цугладаг сайхан баяр болжээ. Монголын аялал жуулчлалыг дэлхийд таниулах нэг том ажил болсон байна. Анх 2000 онд хийж байсан мөсний баяр тасралтгүй үргэлжилсээр 20 дахь жилийнхээ нүүрийг үзжээ.  

 

Зө.мн: - Урлагийн хүний ажил их. Гэхдээ мөсний баяртаа тасралтгүй очиж чадаж байна уу?

Л.С: -   Хүний л амьдрал болсон хойно ажил их очиж амжихгүй байх үе байна.  Гэхдээ энэ жилийн хувьд гэр бүлээрээ очихоор төлөвлөөд байгаа. Шавайгаа ханатал гулгана.  Мөн энэ баярыг зохион байгуулж байгаа хүмүүстэй санал бодлоо солилцоно.  Хэдий аавын минь санаачилсан ажил ч өнөөдрийг хүртэл энэ үйл хэргийг тасралтгүй үргэлжлүүлж, зохион байгуулж, жилээс жилд өргөжүүлж, хөгжүүлж байгаа хүмүүст талархлаа илэрхийлнэ. Мөн Тусгай хамгаалалтын Захиргаа, Хатгал сумын Засаг даргын тамгын газар, Мөрөн сумын Тамгын газар, аймаг  орон нутгийн удирдлагуудад баярлах ёстой.  Энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан олон хүмүүс байдаг юм. Жишээ нь  н.Төмөрчулуун гээд ах түүний эхнэр Лхавай гэж хүмүүс байна.  Энэ хүн эхний хоёр  жил "Монгол далай" дуугаа дуулаад л баярыг нээдэг байлаа.  Мөн мөсөн бүтээлийн үзэсгэлэн гаргах ажлыг санаачилсан "Хангарьд төвийн н.Туулд маш их баярладаг. Энэ бүсгүй хувиасаа  болон компаниасаа хөрөнгө мөнгө гаргаж энэ үзэсгэлэнг хөгжүүлсэн. Гээд нэрлээд байвал олон хүн байна л даа.  Бас аймаг орон нутгийн төрийн байгууллагууд ажилчдаа уриалж энэ наадамд заавал оролцуулдаг юм билээ.

Зө.мн: - Том ажлыг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгодог эр хүний ард гайхамшигтай мундаг бүсгүй байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ээжийгээ уншигчдад маань танилцуулаач?

 Л.С: -    Аавын минь тэр их эрч хүч, ажлыг бүтээх хүсэл эрмэлзлэлийг дэмжиж бадраадаг хүн нь яахын аргагүй ээж минь юм.  Ээж минь ургамал судлалын ухааны доктор хүн байдаг.  Монгол орныхоо нэн ховордсон ургамлыг судалж, олон таниулж, далай ээжийгээ сурталчилахын төлөө аав ээж хоёр минь их зүйл хийсэн дээ. Ээжээ тандаа хүү нь маш их хайртай шүү.

Зө.мн: - Жил бүрийн 3 дугаар сарын эхэнд  сайхан далай ижийдээ очиж цэнгэг агаарт баярлан цэнгэдэг ард түмнийхээ өмнөөс танд талархал илэрхийлье.

Л.С: -    Маш их баярлалаа.  Цэв цэнхэр нуурын болор мэт мөсний доороос ургамал чулуу нь тод харагддаг цэнгэг далай миний Монголоос өөр хаана ч байхгүй шүү дээ. Энэ сайхан баялагаа хайрлан хамгаалж яваарай хэмээн Монголчууддаа уриалья.  Мөсний баярт очдог, байгалийн сайхныг биширдэг  Монгол түмэндээ баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00