Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын явтай танилцлаа. 2013 оноос хойш царцалтын байдалтай байсан. Ингээд Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээг хийсэн. Өнөөдөр тус эмнэлгийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Томо Бьюлдинг компани өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлыг дуусгаж 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах учиртай. Гэвч үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн ч шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй байгаа учраас цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд оржээ.
Харин хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа зарим ажил удааширч байна. Жишээлбэл, Дөрөвдүгээр төрөх эмнэлэг юм. Гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сард ашиглалтад орж чадаагүй, дараа нь 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орох байсан ч ороогүй хоёр удаа хойшилж байна. Энэ нь төсөвтэй холбоотой. Энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан энэ оны эхний нэг хоёр улиралд багтаан дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” гэлээ. Ийнхүү хотын Захирагч үүсээд байгаа шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэх хүртэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.

АДМИН








Нийгэм








