Dark Light
Нийгэм | 2020-12-07

ЯРИЛЦЛАГА: Нийт хүн амын 70-75 хувьд сүргийн дархлаа тогтоох хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад коронавирусийн халдвар дотоодод тархаж нийт батлагдсан тохиолдлын тоо 439 болсон. Тодруулбал, Улаанбаатар хотод 128, Сэлэнгэ аймагт 203, Дархан-Уул аймагт 45, Орхон аймагт 25, Архангай аймагт 3, Говьсүмбэр аймагт 4, Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдээд байна. Харин Монгол Улсад дотоодын болон зөөвөрлөгдөж ирсэн халдварын  887 батлагдсан тохиолдол болж байна. Үүнээс 384  иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. Одоо эмчлэгдэж байгаа 494 хүн байна. Тэдний хоёр иргэний биеийн байдал маш хүнд байгаа бол хүнд гэсэн оноштой таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Тэгвэл бид ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэнгээс гурван сая иргэний хэдэн хувьд хүн амын дархлаа үүсч байж коронавирусийг аюулгүй гэж үзэх талаар тодрууллаа. 

Зөгий.мн: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

Э.Тэмүүлэн: Баярлалаа, та бүгдэд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. 

Зөгий.мн: Агаар дуслын замаар тархаж буй коронавирусийн онцлогийн талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Э.Тэмүүлэн:  Вирусийн үржлийн стратеги гэж байдаг. Вирус нь хүний дархлааг өөр лүүгээ биш  эрүүл эс рүү чиглүүлдэг арга байна. Энэ бол маш хортой. Агаар дуслаар халддаг коронавирусийн хувьд чийгтэй газар үржинэ. Халдвар авсан иргэдийн 30-50 хувь нь шинж тэмдэггүй байна гэдэг бол вирус эзэн эстэйгээ хамт зохицож амьдарч байнаа гэсэн үг юм. Тиймээс амны хаалт байнга зүүх нь халдвар авахаас хамгийн сайн хамгаалж чадна.

Зөгий.мн: Халдварын голомтыг хэсэгчилж барихын тулд авч хэрэгжүүлсэн ажлууд хэр оновчтой байсан бэ?

Э.Тэмүүлэн: Манай улсын хувьд халдварын голомтыг хэсэгчилж барих тактиктай ажилласан. Халдварын нууц үе бол 2-14 хоног үзэж байгаа. Тэгэхээр бид одоо зөвхөн анхны тохиолдлуудаас олж тогтоож байгаа гэсэн үг. Цаашид ойрын хавьтал болсон иргэдийн шинжилгээнүүд гарна. Бусад улс орнуудад өвчний шинж тэмдэгээр тархвар зүйн муруйг зурж байгаа бол манай улс батлагдсан өдрөөр нь зурдаг. Тэгэхээр бид халдварыг эрт үед нь буюу шинж тэмдэг илрэхээс өмнө хавьтлуудыг олж тогтоож байгаа гэсэн үг юм. 

 

Зөгий.мн:  Ер нь хэдэн насны хүмүүс Ковид-19 халдвараар түлхүү өвчилж байна вэ?

Э.Тэмүүлэн: Дотоодын өвчлөлүүд дунд хийсэн судалгаагаар 30-34 насны хүмүүс хамгийн их халдвар авсан байгаа бол хамгийн эмзэг, өртөмтгий бүлэг болох 60-аас дээш насныхан хүнд өвдөж байна. Нэг хүн 2-3 хүнд халдвар тархаах магадлалтай бол манай улсын хувьд хатуу хөл хорио тавьснаар үүнийг зогсоож чадсан.Гэвч бид хатуу хөл хорионы дэглэмтэй удаан явж чадахгүй. Тиймээс иргэд, эмч эмнэлгийн ажилчид гээд бүгд нэг баг болж ажиллах хэрэгтэй. Ингэснээр бид халдварын гинжин хэлхээг тасална. 

Зөгий.мн: Хүн амын дархлаа хэдэн хувьд тогтох ёстой вэ?

Э.Тэмүүлэн:Улс орнууд сүргийн дархлаа, хүн амын дархлааг янз бүрийн аргаар тогтоож байна. Хамгийн зөв арга бол вакцин юм. Манай улсын хувьд 3 сая гаруй хүн амтай учраас хүн бүрийг вакцинжуулах боломж бий. Ер нь нийт хүн амын 70-75 хувийг дархлаажуулах шаардлагатай байдаг. 

Зөгий.мн: Ярилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье

Э.Тэмүүлэн: За баярлалаа

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22