Монгол Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг тэглэсэн. Тус шийдвэр гарсны дараа улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ нэмэгдээд байна. Сүүлийн 2 хоногт Дархан-Уул аймагт ачаалал 20 хувиар нэмэгдсэн байна.
Иймд иргэд эрчим хүчний хэт ачаалал үүсэхээс сэргийлж 17:00-21:00 цагийн хооронд буюу оргил ачааллын үед тень, нэмэлт халаагуур залгахгүй байхыг Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Батжаргал анхаарууллаа. Мөн ААНБ-ууд дээрх цагуудад хэрэглээгээ бууруулахыг уриалсан юм.
2020 оны 12 дугаар сард иргэд хэрэглэгчид 11 дүгээр сард хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөх шаардлагатай бөгөөд цахилгааны төлбөрөө цагт нь төлөхийг уриаллаа. Төлбөр төлөхдөө интернэт банк, мобайл банк, QPAY, www.tsakhilgaan.mn зэрэг боломжуудыг ашиглан онлайнаар төлөх боломжтой.
Нийт иргэн ААНБ-ууд ахуйн цахилгааны болон галын аюулгүй байдлаа хангаж, нэг уртасгагчинд олон цахилгаан хэрэгсэл зэрэг залгахгүй байх, зориулалтын бус гар хийцийн халаагуур ашиглахгүй байх, халаагуурыг цагийн хязгаартай ашиглаж оргил цагуудад салгаж байх, оруулгын кабель утас, дотор монтажны аюулгүй байдлаа шалгаж шаардлагатай бол сольж шинэчлэхийг анхаарууллаа.
АДМИН








Нийгэм




