Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ төрлийн бодис, лаб, хар тамхигүй дүүрэг зэрэг хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтэн, Цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг: "Өнгөрсөн 7 хоногт хар тамхитай тэмцэх газраас 6 гэмт хэрэгт 10 этгээдийг дайчлан баривчилж эд мөрийн баримтаар байгалийн гаралтай 158,7 грамм, химийн гаралтай 49.7 грамм мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд өсвөр үе хүүхэд залуучуудын дунд хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгох эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна" гэв.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байна, мансууруулах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйл хэрэглэж байгаа эсэх зан сэтгэхүй биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь урьд өмнө харагдаагүй этгээд эд зүйл, эм тариа байгаа эсэх цаашлаад гар болон биеийн аль нэг хэсэгт тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар анхаарч байхыг сэрэмжлүүлж байна. Сэжигтэй байдал ажиглагдсан тохиолдолд заавал мэргэжлийн байгууллагад хандахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм







