Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэрэг, хэрэгт холбоотойгоор баривчлан саатуулагдсан иргэдийн талаар ТЕГ-аас мэдээлэл өглөө.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: "Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Энэхүү эдлэх эрхийнхээ хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгаж, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал: Тагнуулын байгууллагаас эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн этгээдүүд экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан ба орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсгүүд, зэвсгийн чанартай эд зүйлс илэрсэн.
Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илэрснээс ака 47 маркийн сер дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, волтер маркийн гар буу 1 ширхэг, ТТ50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан. Үүнээс гадна 7.62 мм байлдааны сум 274 ширхэг, 6.5 мм сум 82 ширхэг, 223 мм сум 149 ширхэг, 5.6 мм сум 291 ширхэг, 12 мм сум 57 ширхэг, 16мм сум 14 ширхэг буюу нийтдээ 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл зэрэг илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажилалагааны явцад илэрч байна. Мөн хэргийн 1 холбогдогч дээрх хууль бус үйл ажиллагаанд ашиглахаар хадгалж байсан бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудан хүнд гэмтэл учруулсан ба тухайн үйлдэлдээ эрүүгийн хэргийг тагнуулын байгууллага дээр нэгтгэн шалгаж байна" гэлээ.



АДМИН







Нийгэм







