Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос улс орон даяар үнийн өсөлтийг эсэргүүцэж "Цахим жагсаал" зохион байгууллаа.
Учир нь өчигдөр МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд маш их дарамт учруулж буйтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авч ажиллахыг хүсэж УИХ, Засгийн газарт "Мэдэгдэл" хүргүүлсэн. Энэ хүрээнд дорвитой арга хэмжээ авч ажиллахгүй бол хуулийн хүрээнд жагсаал, цуглаан зохион байгуулахыг илэрхийлсэн билээ. Гэтэл өчигдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хууль, Эрх зүйн хэлтсээс МҮЭ-ийн холбоонд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй тухай албан тоот ирүүлсэн. Иймд МҮЭ-ийн холбооноос өнөөдөр цахим жагсаал цуглааныг улс орон даяар зохион байгуулж байгаа юм.
Энэхүү цахим жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал сүүлийн долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 25 хувиар нэмэгдээд байгааг онцолж байв.
Цахим жагсаалын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн нуруунд хүнд ачаа болж байгааг дурдаад, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ УИХ, Засгийн газарт дахин хүргүүлж, МҮЭ-ийн холбооноос шат дараатай тэмцлийн арга хэмжээг үр дүнд хүртэл нь зохион байгуулахаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өргөн барьсан “Олон Улсын Хямралт Нөхцөл Байдлаас Үүдэлтэй Гол Нэр Төрлийн Бараа Бүтээгдэхүүний Үнийн Өсөлт, Хомсдолоос Сэргийлэх, Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хууль”-ийн төсөлд ҮЭ-ийн байгууллагаас хүргүүлж буй шаардлага, санал хүсэлтийг ҮЭ-ийн гишүүд Парламент.mn сайтын https://d.parliament.mn линкээр орж өгөх боломжтой.
Харин Цахим жагсаалд оролцож буй аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дарга, төлөөлөл өөрсдийн орон нутаг газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш дахин өсөж иргэдийн гарт хүрдэг талаар хэлж байсан юм. Тодруулбал алслагдсан баруун бүсийн аймаг болох Баян-Өлгий аймагт АИ92 шатахууны үнэ 2750 төгрөг байгаа ба өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийтийн тээврээр зөөвөрлөх явцад үнэ килограмм тутамдаа нэг мянган төгрөгөөр нэмэгдэж ирдгийг онцолж байсан юм.
Жагсаалд МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн 36 холбоо болон түүний гишүүд оролцлоо. Аймаг, нийслэл салбарын ҮЭ-ийн холбоод өөрсдийн байрандаа хэвлэлийн бага хурал зохион байгуулж газар зүйн байршлаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн харилцан адилгүй нэмэгдэж байгаа харуулж байсан юм.
АДМИН







Нийгэм







