Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
"Улсын хэмжээнд 2015-2021 онд Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэгдсэн гэмт хэрэг 101 бүртгэгдлээ. Тухайлбал 2015 онд-2, 2016 онд-1, 2017 онд-1, 2018 онд-12, 2019 онд-27, 2020 онд -24, 2021 онд-33 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2022 оны эхний 3 сарын байдлаар 2 холбогдогчтой 9 гэмт хэрэг бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цахим орчинд гэмт этгээдүүд хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх замаар бэлгийн харьцаанд орох, хохирогчийг эрхшээлдээ оруулах, гаж дүрс бичлэг, зураг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгдэн шалгаж байна. Ийм гэмт хэргийн хохирогч болсноо хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагч багш нартаа хэлдэггүй, айж нуун дарагдуулдаг. Цахим гэмт хэргийн хохирогч болж байна гэдгээ мэддэггүй зэргээс шалтгаалж энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байдалд оршиж байна.
Жишээлбэл: Монгол Улсын иргэн А нь 2020 онд фэйсбүүкийн хуурамч хаяг үүсгэж, бага насны охидын фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охинтой танилцан харилцаа тогтоож чатлах явцдаа тухайн охидыг айлгаж, ятгах гуйх байдлаар өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгийг нь хийлгүүлэн авч улмаар уулзаж түүгээр нь барьцаалан айлган сүрдүүлж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгасан. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргээр удаа дараа яллагдсан этгээд цахим орчинд шилжиж, бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдлийг илрүүлсэн. Сүүлийн үед уг гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүд нь хүүхдүүдийн хувийн мэдээллийг дан ганц бэлгийн хүслээ хангах бус ашиг олох зорилгоор бусдад худалдсан хэргийг мөн мөрдөн шалгаж байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж ярилцахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” гэлээ.
АДМИН








Нийгэм







