Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр /2022.04.07/ болсон жагсаалын талаарх мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Жагсаалын үйл ажиллагаа 18 цаг хүртэл хэвийн явагдаж байсан. Жагсагчид Цагдаагийн байгууллагын зөвлөмж шаардлагыг биелүүлж хэвийн оролцож байсан. 18 цагаас хойш жагсаалын бүтцэд өөрчлөлт орсон. Ажил тарах ачааллын үеэр жагсагчид төв замыг хааж эхэлсэн. Замын хөдөлгөөнд саад учруулж эхэлсэн. Төв 4 замыг хаасан. Энэ үед цагдаагийн байгууллага сануулж зөвлөсөөр байсан. Ингээд машин хүн холилдоод эхэлсэн. Үүний дараа цагдаагийн байгууллагаас замын 2 талыг түр хязгаарласан.
23 цагийн үед залуучууд гал гаргаж эхэлсэн. Согтуу залуус их болсон. Юм тэсэлсэн, чулуу мод шидсэн, машины цонх хагалсан зэрэг үйл явдлууд болж нөхцөл байдал таатай бус болсон.
Залуус их тэнгэр лүү явна гээд машин замыг хааж Их тэнгэр хүртэл явсан. Энэ хүртэл цагдаагийн байгууллага замын хязгаарлалтыг зохион байгуулж, жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангасан. Бид Их тэнгэрт очсон залуустай хэлэлцээр хийж ойлголцох гэсэн боловч тухайн залуус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул ойлголцох ямар ч боломж гараагүй.
Ингээд зарим залуучууд талбай руу буцаж ирсэн. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай бүс. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудаас цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн. Төрийн тусгай хамгаалалтын бүс рүү хүмүүс нэвтэрч дайрах гээд байна гэсэн. Үүн дээр цагдаагийн ажилтнууд хүч нэмэгдүүлж очсон. Очоод шаардлага тавьсан. Шаардлага тавиад байхад бүр эрчимжиж эдгээр хүмүүс шаардлага эсэргүүцэж цагдаагийн алба хаагчид руу дайрч доромжлох зүйлүүд гарч эхэлсэн. Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу шаардлага тавиад биелүүлэхгүй тохиолдолд албадлага хэрэглэх эрхтэй. Жагсаж буй залуусыг уриалаад буруу зүйлд чиглүүлээд байгаа хүмүүсийг бид ажиглалтад аваад, жагсаалаас тусгаарлах түр саатуулах арга хэмжээ авсан. Жагсаал цуглааны үеэр 18 иргэнийг эрүүлжүүлж, 20 иргэнийг түр саатуулсан, үүнд бага насны хүүхэд байгаагүй. Цаашид ноцтой үр дагавар гарахаас бид сэргийлэх үүрэгтэй.
Бид эрсдэлийг хор багатай даван туулах үүднээс нөөц хүчээ бэлдэх ёстой. Бид 1 ч нохой тавиагүй, ус шүршээгүй. Бид бэлэн байдлаа хангаж ажилласан. Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.
Цагдаагийн байгууллагын 7 алба хаагч эмнэлгийн тусламж авч гэмтсэн. Тархи нь хагарсан, хөл нь хугарсан, гар нь гэмтсэн байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







