Dark Light
Нийгэм | 2022-04-11

Тендер зарласан ч материал ирэхгүй ажил олон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1158 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 76.5 хувийн гүйцэтгэлтэй, 854 ажилд тендер зарлажээ. 272 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй. Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 79 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц, тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох байгууллагын удирдлагуудаас тодруулсан юм.

Тендер сонгон шалгаруулалт зарласан ч материал ирэхгүй ажил олон байна

Дүүргийн Засаг дарга нар тендер сонгон шалгаруулалт зарлаж байгаа ч аж ахуйн нэгжүүд материал өгөхгүй байх тохиолдол олон байгаа. Мөн агентлагуудын уялдаа, холбоогүй байдлаас болж ажил удааширч байгааг хэлж байв.

Аж ахуйн нэгжүүд тендерт оролцохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “Манайх 197 төсөл, арга хэмжээний тендер зарлахаас өнөөдрийн байдлаар 21 ажлын зураг төсөв, техникийн тодорхойлолт, тоо хэмжээ, ажлын даалгавар ирээгүй. Он дамжин хэрэгжиж байгаа, оролцогч байхгүй 11 төсөл, арга хэмжээ байна. Эдгээрээс хамгийн олон нь 12 удаа тендер зарласан. Хийх ажлын хэмжээ төсөвтэйгээ уялдаагүй, ашиггүй учраас оролцогч байхгүй байна. Он гарснаас хойш Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарласан ч оролцогч байхгүй 24 ажил байна” хэмээн ярилаа.  

Үнийн өсөлттэй холбоотойгоор сонгон шалгаруулалтад орохгүй байна

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Манай газарт 30 төсөл, арга хэмжээ он дамжин хэрэгжиж байгаа. Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 26 ажил байна. Энэ жил нийт 66 төсөл, арга хэмжээ хийгдэнэ. Түгжрэлтэй холбоотой 22 ажлаас 13 ажилд тендер зарласан. Үүнээс дөрвөн ажилд гүйцэтгэгч шалгарсан бол долоон ажилд дахин тендер зарлаж байгаа. Үнийн өсөлт, хил дээр ачаа саатаж байгаатай холбоотойгоор сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд орохгүй байна. Олимпын гүүрийн ажлыг зургадугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10