Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн хувь заяаг төрд өгөх үү, концессын гэрээгээр эзэмшиж байгаа хувийн компанид байлгах уу гэдгийг аймгийн иргэдээс сонсохыг зорьсон хэлэлцүүлэг яг одоо Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-т болж байна.
Хэлэлцүүлэгт орон нутгийн 600 гаруй иргэд оролцож байна. Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр нь тус хотын иргэдийг ажлын байраар хангах, нийгэм, эдийн засгийг хөдөлгөж байх гол үйлдвэр байсан ч 2014 онд концессын гэрээгээр хувийн компанид өгөөд байсан юм.
Хүн ам шигүү суурьшсан аймгийн нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон төмөрлөгийн үйлдвэрээ төрийн мэдэлд эргүүлэн авах эсэхийг хэлэлцэж буй хэлэлцүүлэгт иргэд олноороо иржээ. Тэдний ихэнх нь үйлдвэрээ төрийн мэдэлд авч, залуучуудаа ажлын байраар хангах ёстой гэж үзэж байна.
Үйлдвэрийн захиргаа орон нутгийн иргэдийн ажлын байртай болгох асуудал дээр хойрог ханддаг, ажилд авсан ч ямар нэгэн шалтгаанаар эргүүлээд халдаг, ажлын байрны дарамт ихтэй байдаг талаар иргэд ярьж байна.
Уурхайд ажиллаж байсан Дархан-Уул аймгийн нэгэн иргэн: Чадвартай хүн ажилд ордог юм гэсэн гэхээр нь хувийн уурхайд бүх дамжлагыг давж ажилласан, уурхайн дарга Энхцог, ашиглалтын инженер Энхтөр, техникийн менежер Нарантуяа нарын 5 хүн хуралдаад 3 хүний зөвшөөрлөөр ажлаас халдаг жишиг байдаг.
Төмөрлөгийн үйлдвэрийн тавьж байгаа технологийн мэдлэг, чадварт нийцэхийн тулд сурч, мэдэж, чадвараа нэмдэг ч энэ нь хэрэг болдоггүй. Яагаад гэвэл үйлдвэрийн удирдлагууд ажлын байраа авлигаар шийддэг. Ажлын байрны авлига нь 5 саяар хэмжигддэг. Надаас мөнгө аваад, дараа нь ажлаас халагдсан хүн ч бий хэмээн ярьлаа.


АДМИН








Нийгэм







