Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд аймгийн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Бор-Өндөр-2 ОНХХ-тэй хамтран хүүхдэд чиглэсэн ажлуудыг төлөвлөсний нэг нь “Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл юм.
Тус төслийн хүрээнд Хэнтий аймгийн тусгай хэрэгцээт 60 хүүхдэд сурч хөгжихөд нь дэм болох, цахим хичээл үзэх боломжоор хангах зорилгоор ухаалаг төхөөрөмж буюу таблет гардууллаа.
Эдгээр хүүхдүүдийг сонгохдоо 9-18 хүртэлх насны, ухаалаг төхөөрөмжөө ашиглах чадвартай, сурах хүсэл эрмэлзэлтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүдийг сонгосон бөгөөд үүнд Хэрлэн, Биндэр, Өмнөдэлгэр, Баян-адарга гэсэн 4 сумын ЕБС-ийн сурагчид, Насан туршийн боловсролын төвд суралцаж буй хүүхдүүд хамрагджээ.
Уг таблетад хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон тохируулгыг хийснээс гадна боловсролын салбарын апплекшинүүд, хүүхэд хамгааллын чиглэлийн контентуудыг суулгажээ.
Цаашид “Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд зөвхөн хүүхдүүдтэй ажиллаад зогсохгүй, эцэг эх, сайн дурынхан, ИНБ-тай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга зүй, ур чадвар олгох, мөн төрөөс үзүүлж буй үйлчилгээ, хууль эрх зүйн, хүүхэд хамгааллын чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломжоор хангах, дижитал технологиор дамжуулан боловсролын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Хэнтий аймагт хэрэгжиж байна.
Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
АДМИН








Нийгэм







