1.5 сая гаруй хүн амтай Нийслэл хотын даргааг томилогдсон хэн бүхний толгойны өвчин агаарын бохирдол, түгжрэл гэхэд хилсдэхгүй. Үе үеийн хотын дарга нар түгжрэлийн шийдлийг танилцуулж, нийтэд таалагдах амлалтыг өгдөг хэдий ч хоосон үг, сүржин шав тавих ёслол, төсвийн үрэлгэн зардлаар төгсгөл болдог.
Хотын дарга нарын амлалт өнөөдөр биелэлээ олсон бол Нийслэлчүүд бид метрогоор зорчиж, дүүжин тээвэр ажиглаж, утаагүй, түгжрэлгүй явах байлаа. Одоогийн хотын дарга ч мөн Нийслэлчүүдийг 2024 онд хөнгөн галт тэргээр явуулахаа амлаад байгаа.
Та бүхэнд үе үеийн хотын дарга нарын Түгжрэлийн шийдэл, хоосон амлалтуудыг эргэн сануулж байна.
2012-2016 оны Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013 онд “Улаанбаатар метро” Амгалан-Толгойт хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урттай, 14 өртөөтэй, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг нь газар доорх, бусад хэсэг нь гүүрэн хэлбэртэй байхаар "зурагдаж" байв. Гол нь Улаанбаатар хот метротой болсноор авто замын түгжрэл 20 хувь буурч, нийтийн тээврийн ачааллыг 87 хувь хөнгөлж, жилд давхардсан тоогоор 216 сая хүн зорчих боломжтой гэсэн тооцоолол гаргаж байв.

2016-2018 оны Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд
2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байв.

2019-2020 оны Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан
2020 онд “Агаарын дүүжин тээвэр”-ийн үйлчилгээний тухай “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4.9 км, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэл 2.9 км тус тус агаарын зам барьж, дүүжин тээвэр явуулна. Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн мэдэгдэж байв.

Одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар
Гүүрэн байгууламж бүхий баганан тулгуурт хөнгөн галт тэргийг барих эхний ТЭЗҮ 2022.03.31-нд бэлэн болно. 2022 тавдугаар сарын 15-нд ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21,2 км маршрутыг туршилт хийнэ. Улаанбаатар хотод бий болох шинэ төрлийн тээврийн хэрэгсэл түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Ажил урагштай байна" хэмээн мэдэгдсэн.

АДМИН








Нийгэм







