Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн судалгааны дүнд хууль зүйн дүгнэлт хийсэн ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийг тус тус байгуулав.
Хуулийн төслийг боловсруулахдаа иргэний шүүхээр үйлчлүүлэх эрх, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахад нэн тэргүүнд анхаарч, шүүгчийн орон тоог нийслэлд байрлаж буй шүүхүүдэд хангалттай хэмжээнд, ачаалал тэнцвэржүүлсэн байхаар буюу судалгаанд тусгагдсан нэг шүүгчид ногдох хэргийн ачаалалд нийцүүлэх байдлаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар уламжлан өргөн мэдүүлэхэд бэлтгэхийг ажлын хэсэгт үүрэг болгов. Тус хуулийн төслийг боловсруулахад шаардагдах суурь судалгааг 34 шалгуур үзүүлэлтийн дагуу Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, Эконометрийн тэнхимийн багш нараас бүрдсэн судлаачид гүйцэтгэсэн юм.
Судалгаанаас үзэхэд нийслэл дэх төвийн 6 дүүргийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал хэвийн хэмжээнээс 1 дахин их буюу хэт их байгааг харуулж байгаа бол аймагт байрлаж буй эрүүгийн хэргийн шүүхийн хувьд ачаалал хэвийн, захиргааны хэргийн шүүхийн хувьд ачаалал маш бага, иргэний хэргийн шүүхийн хувьд ачаалал хэвийн хэмжээнээс бага зэрэг илүү байгаа нь харагджээ. Иймд шүүгчийн ажлын ачаалал, шүүгчийн тоо, хэрэг маргааны төрөл, бүсчлэлийн байдал, хэргийг дээд шатны шүүхээр шийдвэрлэсэн байдал /чанар/, 3 бүрэлдэхүүнтэй болон дангаар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо, шүүгчийн ажиллагааны ачаалал гэх мэт статистикт үндэслэн шүүхийн ижил хэв шинж, шүүгчийн орон тооны зохистой байдал, төрөлжсөн шүүх байгуулах эсэх талаар шийдвэрээ гаргаж, хуулийн төслөө боловсруулах нь чухал гэдгийг дээрх дүгнэлтэд тусгасан байна.
АДМИН








Нийгэм






