Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Тус хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа,
Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байгааг онцолсон.
Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгохоор тусгалаа. Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгалаа. Ийнхүү торгохоос өмнө сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ гэж байлаа.
Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна хэмээн Х.Нямбаатар сайд онцлов.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг тусгажээ. Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан. Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд нь хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болсон. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж, харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж, нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгасан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.
АДМИН








Нийгэм







