Цаг уурын байгууллагаас гаргасан тав хоногийн урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж, салхи ширүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
Өнөөдөр шөнөөс маргааш орой хүртэлх хугацаанд нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орох төлөвтэй байна. Харин бусад нутгаар хур тунадасгүй, багавтар үүлтэй байх аж.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр хүрч, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын тухайд шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн хонох бол говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар +18…+23 градус дулаан байх бөгөөд говийн өмнөд хэсгээр +24…+29 градус хүрч дулаарах төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орж, салхи зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Харин Багануур орчмоор бороо орохгүй ч салхи түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүсэх бол Тэрэлж орчмоор өдөртөө бага зэргийн бороо орж, шөнөдөө 0-2 градус хүйтэн хонох төлөвтэй байна.
Тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал, баруун болон зүүн аймгуудын зарим хэсгээр бороо, нойтон цас орох төлөвтэй байна. Мөн 10-12-нд салхи Алтайн салбар уулс болон нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг анхааруулжээ.
Энэ хугацаанд говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө +27…+32 градус хүрч халж, харин уулархаг нутгаар +15…+20 градус дулаан байх төлөвтэй байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







