Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна.
Энэхүү үндэсний хөдөлгөөнийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй дэмжиж, мод тарих, ургуулах, арчлан хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгэн, манлайлах үүрэгтэй оролцож байгаа юм. Тодруулбал, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн 2022-2030 онд 27 сая модыг зөвхөн тариад орхих бус арчлан хамгаалж, усалж, ургуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Зэвсэгт хүчний ангиудад Мод үржүүлгийн төвийг шинээр байгуулж эхэллээ. Тухайлбал, БХЯ, ЗХЖШ-аас төлөвлөсний дагуу Зэвсэгт хүчний 9 ангид Мод үржүүлгийн газар болон Мод үржүүлгийн Сургалтын төвийг шинээр нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.
Харин өнөөдөр буюу Билгийн тооллын Усан бар жилийн Зуны тэргүүн сарын шинийн 5-ны өдрийн морин цагт Зэвсэгт хүчний 120 дугаар анги Мод үржүүлгийн газрын нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулав.
Уг нээлтэд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, Материал, техникийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр болон ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, тус ангийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцлоо.
Нээлтийн ёслолын үеэр тус ангийн Мод үржүүлгийн газрыг хариуцан ажиллаж буй Ойн инженер З.Болдбаатар мод тарихаар ирсэн нийт алба хаагчдад богино хугацааны сурган зааварлалтыг явуулав.
Ийнхүү энэ өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан Мод үржүүлгийн газар байнгын ажиллагаанд шилжлээ.
Тус ангийн захирагч хурандаа Л.Дагвасүрэнгийн хэлснээр энэхүү Мод үржүүлгийн газарт 4 га талбайн хөрсийг боловсруулж, модны үр, мөчрийг бэлтгэн, цахилгаан болон усжуулалтын ажлыг бүрэн шийдвэрлэсэн ажээ. Тэд уг Мод үржүүлгийн газартаа зөвхөн энэ онд гэхэд л бургас, улиас, гүйлс, хайлаас, агч, арц зэрэг 6 нэр төрлийн 50.000 модыг тариалах, үржүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал: "Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдээ амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалж, мод тарьж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, цөлжилтөөс урьдчилан сэргийлснээр Оршин тогтнохуйн болон Хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулах болно. Модыг говь, хангай, талын бүсэд зөвхөн тарих бус тэдгээрийг арчлан хамгаалах, усалж тордох, ургуулах ажилд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хамтран, идэвх санаачилгатай ажиллах шаардлага үүсэж байгаа. Энэхүү буянтай ажилд оролцож буй бүхий л алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ.
Энэ жил Зэвсэгт хүчний 017, 186, 310, 311, 336 дугаар ангид Мод үржүүлгийн газрыг шинээр байгуулна.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм







