БНХАУ бүх төрлийн нүүрсний импортын тарифыг тэглэснээр Монголоос импортлох зардал тонн тутамдаа 60 юаниар буурах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээллээ.
БНХАУ-ын Засгийн газар тавдугаар сарын нэгнээс эхлэн 2023 оны гуравдугаар сар дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэсэн юм. Ингэснээр Монголоос БНХАУ-д хийх нүүрсний нийлүүлэлт нэмэгдэхээр байна.
Талууд тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын эцсээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо 300 давсан юм. Тавдугаар сарын дөрвөний өдөр хүртэл боомтоор өдөрт дунджаар 340 автомашин гарчээ. Харин дөрөвдүгээр сард 253 байсан юм. Он гарсаар тогтмол өссөн байна.
Монгол Улс өнгөрсөн онд 14 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д импортолжээ. БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 25.7 хувийг бүрдүүлсэн бол энэ оны I улирлын байдлаар 17.1 хувьтай байна.
Цаашид Монголд цар тахлын нөхцөл байдал хүндрэхгүй бол Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо өсөж магадгүй байгаа юм. Хэдий тийм боловч БНХАУ-ын удирдлагууд цар тахлыг тогтоон барих, дахин халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, хилийн хязгаарлалтаа үргэлжлүүлэхээр байна. Энэ онд Гашуунсухайт боомтоор өдөрт дээд тал 500-600 автомашин гарч магадгүй байгаа аж.
Монголоос хэдий нийлүүлэлт нэмэгдсэн ч БНХАУ-д нүүрсний үнэ буурч байна. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрэлт, зах зээлийн хүлээлт муудсан нь үнэ буурахад нөлөөлжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
АДМИН








Нийгэм






