Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр товлолоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлал батлах, шинээр томилогдсон шүүгчийг танхимд хуваарилах асуудлыг тус тус шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатараас ирүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас ирүүлсэн Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас тус тус ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан өөрчлөлт орох бусад хуулийн төсөл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгээс ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд тайлбар нэмэх тухай хуулийн төсөл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас ирүүлсэн Газрын тосны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй тус тус танилцаж, санал өгөх асуудлыг хэлэлцэхээр товлов.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцээд хойшлуулсан 2027-2028 онд зохион байгуулагдах шүүгчийг мэргэшүүлэх сургалтын сэдэв, оролцох хэлбэрийн талаар, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын танилцуулга, Монгол Улсын дээд шүүхээс хуулийн төсөлд санал өгөх ажиллагааны удирдамж, Монгол Улсын дээд шүүхийн зөвлөгөөний 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтийн тухай болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.
АДМИН







Нийгэм




