400 гаруй жилийн түүхтэй Хангинахуйн шугуйн шагайн тойромд 500 гаруй шагайчид түмэн олны уухай дуунд цэц мэргэнээ сорьж байна.
1600-аад оны үед Монгол харчуул шагайн харваагаар дамжуулан улс орны аливаа хэрэг явдлаа хэлэлцэж зөвлөлддөг байжээ.Ингэхдээ олны нүд, хөлнөөс далд аль аль талаасаа хүн очход амаргүй газрыг сонгож Монос, хайлаас дунд цугладаг байсан нь өнөөгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хангинахуйн шугуй юм. Уул, усан дунд орших энэхүү Хангинахуйн шугуйн шагайн тойром нь Халхын дөрвөн тойрмын нэгд багтана.
Орхон, Булган аймаг 2020-2024 онд хамтран ажиллах гэрээг байгуулж, 14 чиглэлээр 71 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд өн эртний өв соёл түүх уламжлалаа сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хангинахуйн шугуйн шагайн тойрмийг энэ жил хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн Шагайн тойромд Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Дорнод гээд олон аймгийн харваачид оролцож цэц мэргэнээ сорихийн зэрэгцээ улс, аймгийн цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж байгаагаараа онцлог болж байна.