Dark Light
Гадаад | 2026-11-19

УКРАИН ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ГУРАВ ДАХЬ УДААГАА КРЫМЫН ГҮҮР РҮҮ ДОВТОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Украины тал өнгөрсөн шөнө эвдэрсэн Крымын гүүр рүү дахин довтолсны улмаас тус гүүрний бүх хөдөлгөөнийг түр зогсоосон талаар Крымын Оросын талыг баримтлагч албаныхан мэдээллээ.

Энэ нь Киев ОХУ-ын Краснодарын хязгаарыг эзлэгдсэн Крымын хойгтой холбодог авто болон төмөр замын уг стратегийн чухал гүүр рүү сүүлийн долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа цохилт өгч буй тохиолдол юм.

Москвагаас томилогдсон Крымын тэргүүн Сергей Аксенов Telegram хуудсандаа “Крымын гүүр рүү ээлжит удаагаа халдсаны улмаас хөдөлгөөнийг түр зогсоолоо. Холбогдох бүх албад ажлын байрандаа ажиллаж, учирсан хохирлыг үнэлж байна” хэмээн бичжээ. Мөн ОХУ-ын Тээврийн яамнаас Пүрэв гарагийн өглөө гаргасан мэдэгдэлд өнгөрсөн шөнийн дроны халдлагын улмаас гүүрээр зорчих галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон ч хүний амь нас эрсдээгүй гэдгийг тодотгосон байна.

Трамп-Путин-Ши нарын уулзалтын өмнөх цохилт ба шөнийн агаарын довтолгоо

Энэ долоо хоногийн эхээр Украины дрон болон пуужингийн хосолсон цохилтоор уг гүүрний нэг хэсэг нурсан бөгөөд Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг Украины гүүрнүүд рүү чиглэсэн Москвагийн довтолгооны хариуд хийсэн “урьд өмнө байгаагүй ажиллагаа” хэмээн нэрлэсэн юм. Энэ удаагийн ээлжит халдлага БНХАУ-ын Шэньжэнь хотноо болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын гурван талт уулзалтын яг өмнөхөн болсноороо онцлогтой.

Өнгөрсөн шөнө Крымын гүүрнээс гадна Оросын Татарстаны Бүгд Найрамдах Улсын Альметьевск хотын ойролцоох газрын тосны агуулахууд мөн Украины дроны цохилтод өртжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн шөнө Белгород, Курск, Ростов, Татарстан зэрэг есөн бүс нутагт Украины 53 дроныг устгасан гэж мэдэгдсэн бол Украины Агаарын цэргийн хүчин Оросын талаас харвасан 98 дроны (үүнээс 61 нь тийрэлтэт хөдөлгүүртэй) 69-ийг нь устгаж, 18 байршилд цохилт бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08