Dark Light
Улс төр | 2026-11-19

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД: МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ОРЧИН ХҮНД, АВЛИГА БАЙСААР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | usembassy.gov

АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг “хөрөнгө оруулалт хийх боломжгүй шахам” хэмээн дүгнэсний төлөө шүүмжлэлд өртөж, өнгө аясаа зөөлрүүлэх уриалга хүлээн авснаа Элчин сайд Ричард Л.Буанган ил тод ярилаа. Тэрээр “Бодит байдал өөрчлөгдөх хүртэл зөөлөн үг Монгол Улсад хор уршигтай. Хөрөнгө оруулагчид илтгэл бус, шүүхийн шийдвэр, татварын актыг уншдаг” хэмээн хатуухан сануулав.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган арваннэгдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо болсон Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын 2026 оны Ерөнхий хуралдаанд оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдал болон зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

“Дипломат эелдэг зан хөрөнгө оруулагчдын харж буй зүйлийг өөрчлөхгүй”

Элчин сайд Р.Буанган 2022 онд анх томилогдон ирснээс хойш хөндөж байсан хууль, журмын тогтворгүй байдал, авлигын асуудал өнөөдөр ч хэвээр байгааг онцолсон юм. Тэрээр АНУ-ын Төрийн департаментын 2026 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-д Монгол Улсыг “хөрөнгө оруулалт хийх боломжгүй шахам” хэмээн хатуу тодорхойлсны төлөө шүүмжлэлд өртөж, өнгө аясаа зөөлрүүлэх уриалга хүлээн авснаа дурджээ.

Гэвч тэрээр “Нөхцөл байдал зөв тийшээ эргэх мөчид би мэдээж өнгө аясаа зөөлрүүлнэ. Харин тэр болтол зөөлөн үг Монгол Улсад хор уршигтай. Хөрөнгө оруулагчид илтгэл уншихгүй. Тэд шүүхийн шийдвэр, татварын акт, тусгай зөвшөөрлийн талаарх шийдвэрийг уншиж, түүнд тулгуурлан эрсдэлээ үнэлдэг. Дипломат эелдэг зан хөрөнгө оруулагчдын харж буй зүйлийг өөрчлөхгүй” хэмээн шулуухан мэдэгдэв.

Түүнчлэн АНУ, Монголын нөхөрлөл урьд өмнөхөөс илүү бат бэх болж, соёл, технологийн хамтын ажиллагаа эрчимжиж байгаа ч Америкийн компаниудад Монголд бизнес эрхлэхэд хүндрэлтэй хэвээр байгааг “логик зөрчилдөөн” хэмээн тодорхойлжээ.

Н.Учралын Засгийн газрын шинэчлэл ба шийдвэрлэх хоёр гол алхам

Татварын хууль тогтоомж, саяхан нэмэлт, өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хууль болон энэ жил батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өөрчлөлт хийх шаардлагатайг ухамсарлаж байгааг харуулж буй сайн дохио гэж Элчин сайд үнэлсэн байна. Гэхдээ цаасан дээрх хууль бус, хуулийн тэгш шударга хэрэгжилт л бодит өөрчлөлт авчирна гээд, эдгээр шинэчлэл амжилтад хүрэх эсэхийг дараах хоёр зүйл шийднэ гэдгийг онцоллоо:

Эцсийн бөгөөд албадан биелүүлэх маргаан шийдвэрлэх тогтолцоо. Бизнес хоорондын болон төр, хувийн хэвшлийн маргаан нь хоёр тал заавал биелүүлэх хөдлөшгүй шийдвэрээр төгсөх ёстой. Одоогоор Монголд гэрээ хэрэгжих эсэх нь нэг албан тушаалтны шийдвэрээс хамаарч байгаа тул ийм суурин дээр ямар ч хөрөнгө оруулагч уурхай, үйлдвэр, технологийн төсөл хэрэгжүүлж чадахгүй гэдгийг анхааруулав.

Зохицуулагч байгууллагуудын тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдал. Бизнесүүдэд тулгарч буй эзэрхэг, түрэмгий хандлагын оронд компани бүрт, цаг ямагт ижил дүрэм журмыг ижил байдлаар хэрэглэх ёстой. Урьдчилан таамаглах боломжтой орчин нь улсын төсвөөс ямар ч зардал гаргахгүйгээр татварын ямар ч хөнгөлөлтөөс илүү их хөрөнгө оруулалт татах чадвартайг тэрээр тэмдэглэжээ.

“Гуравдагч хөршийн бодлого” ба 2027 оны хүлээлт

Худалдаа арилжаанд хууль дээдлэх ёс нь зөвхөн бизнесийн асуудал бус, Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх үндэсний стратеги, “Гуравдагч хөршийн бодлого”-ын тулгуур гэдгийг Элчин сайд сануулав. Тэрээр “Бухимдсандаа орхин гарч буй хөрөнгө оруулагч бүр энэ бодлогыг сулруулдаг. Үлдэж, өсөн дэвжиж буй хөрөнгө оруулагч бүр Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлдэг” гэжээ.

Монгол Улсад хамгийн удаан суусан АНУ-ын Элчин сайд болсон Ричард Л.Буанганы томилолтын хугацаа 2027 онд дуусах магадлалтай байгаа аж. Ирэх онд тохиох АНУ-Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жил, АмЧам байгуулагдсаны 15 жилийн ойгоор дээрх хоёр шинэчлэлд бодит ахиц гарвал олон жилийн дараа анх удаа өөдрөг “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл” нийтлэх боломж бүрдэнэ гэдгийг тэрээр илэрхийлж, 2027 оныг бодит өөрчлөлтийн жил болгохыг уриаллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08