АНУ болон БНХАУ Орос-Украины дайныг дуусгавар болгоход туслах хүсэлтэй байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр буюу Пүрэв гарагт Хятадын Шэньжэнь хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.
Тэрээр “Бид хоёулаа Орос, Украины дайныг зогсоох тал дээр туслахыг хүсэж байна. Би энэ дайныг дуусахыг маш их хүсэж байгаа бөгөөд бид хоёрын аль алиных нь өмнөөс ингэж хэлж чадна гэж бодож байна” хэмээн онцолсон байна.
Энэхүү мэдэгдэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг оролцуулсан түүхэн гурван талт уулзалтын өмнөхөн хийгдэж байгаа бөгөөд уг чуулганыг Бээжингийн зүгээс “дэлхийн энх тайвны төлөөх” уулзалт хэмээн тодорхойлсон юм. Шэньжэнь дэх Засгийн газрын хүлээн авалтын цогцолбор “Kylin Villa”-д болж буй гурван ерөнхийлөгчийн уулзалтыг шинжээчид бодит тохиролцоонд хүрэхээс илүү бэлгэдлийн чанартай үйл явдал болно гэж үзэж байна.
Хэлэлцэх асуудлын зөрүү ба холбоотнуудын болгоомжлол
Д.Трамп дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг боомилж, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөсөн Ираны дайнд саатаад байгаа бол хүчирхэгжиж буй Хятад улс Зүүн Ази дахь байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Тиймээс энэхүү уулзалт нь гурван их гүрэн Киев болон Европын оролцоогүйгээр Украины хувь заяаг шийдэж, дэлхийг нөлөөллийн хүрээнд хуваах вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж буй уг гурван талт хэлэлцээний хөтөлбөрийн талаар Вашингтон, Бээжин, Москва өөр өөр байр суурь илэрхийлж байна:
-
Вашингтон: Эхэндээ Украины асуудлыг хэлэлцэхгүй гэж мэдэгдэж байсан ч Д.Трамп энэ сэдвийг хөндөнө гэдгээ сая зарлав.
-
Бээжин: Ши Жиньпин энэ мөргөлдөөнийг Хятадын шийдэх ёстой асуудал гэж үзэхгүй байгаа бөгөөд зөвхөн “дэлхийн энх тайвныг хамгаалж, их гүрнүүдийн харилцааны стратегийн тогтвортой байдлыг дэмжих” талаар санал солилцоно гэж мэдэгджээ.
-
Москва: Кремлийн зүгээс хэлэлцэх асуудлын жагсаалт эцэслэгдээгүй ч “нэг цагаас хэтрэхгүй” үргэлжлэх уг уулзалтаар Украины асуудлыг тойрч гарахад бэрх гэдгийг дурдсан байна.
Үүний зэрэгцээ өнөөдөр Герман улсад Украины холбоотнуудын уулзалт болох хуваарьтай байгаа бөгөөд үүнд АНУ-ын тусгай элч нар болох Жаред Кушнер, Стив Уиткофф нар оролцох юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад




