Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км-т, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км/-т мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 8-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Түнэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 3 сарын 12-ны өдрийн 09:00 цагаас “Эг”-ийн голын орчимд 5 км-ийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 3 сарын 12 өдрийн 14:26 цагт зогсоосон. 4 сарын 22-ны өдөр Түнэл сум “Эгийн гол”-оос иргэн Б-ийн цогцос нь олдсон. Иргэн Л-ийн ар гэрээс 5 сарын 19-ний өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлт гаргасны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 100 км замыг туулан 14:18 цагт очиж анх осолдсон “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас урсгал дагуу 250 м зайтай газраас мотоциклыг олж татан гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. “Эгийн гол”-оор 15 км-т завиар урсаж, 2-3 метрийн гүнд 1 удаагийн шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 5 сарын 23-ны өдрийн 09:00 цагаас дахин эхлүүлнэ.