Dark Light
Нийгэм | 2022-05-24

П.Шүүдэрцэцэг: Амьдралд ам гарч болдоггүй амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Miss Asia USA” 2021 оны тэмцээнд  33 жилийн түүхэнд  Монгол улсаас анх удаагаа амжилттай оролцож тэргүүн байранд шалгарсан П. Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.  

Юуны түрүүнд эх орондоо тавтай морил. Мөн баяр хүргэе! Ярилцлагаа таны хүүхэд ахуй цагаас эхлэе гэж бодож байна?

-Төмөр замын Герман хэлний гүнзгийрүүлсэн 38-р сургуулийг төгссөн.  Сахилгагүй, эршүүд хүүхэд байлаа. 

Хэдэн настайдаа хүүхдийн ордонд элсэн орж байсан бэ? 

-7 настайдаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд элсэн орсон. Тэр үеэс л урлагийн чиглэлээр хамт олон, багийн ажиллагаа ямар байдгийг мэдэрсэн.  Тоглолт дуучдын ард бүжиглэж, шинэ жилээр цасан охин болж 7 настайгаасаа хөдөлмөрлөж, мөнгө олж эхэлсэн дээ. 

Ямар чиглэлээр их сургуулиа дүүргэсэн бэ?

-Олон сургуульд сурч байсан. Солонгос улс руу тэтгэлэг авч сурахаар явсан хэдий ч цаг уурын нөхцөл байдал  тараагүйн улмаас буцаж ирсэн. Соёл урлагийн их сургуулийг Кино судлаач мэргэжлээр дөрвөн жил сурч төгссөн. Мэргэжлээ дээшлүүлэх зорилготой Америкийн нэгдсэн улсыг зорьсон. 

Яагаад Америк руу сургуульд явахаар болсон бэ?

-Өөрийгөө их голсон. Монголдоо энэ хэмжээндээ байгаад байхыг хүсээгүй. Өөрийгөө илүү өндөр, ахисан түвшинд хөгжүүлмээр байсан. Англиар ярьж чадахгүй байгаагаасаа ичсэн. Тиймээс Америк руу явахаар шийдсэн. Гэхдээ Америк улсад суралцана гэдэг тийм ч амар биш. Эхний зургаан сар маш хэцүү байсан. Өөрийгөө илэрхийлж чадахгүй, ярьж чадахгүй, ойлгуулж чадахгүй байгаадаа бачуурч орой бүр уйлдаг байсан. 

Сурахын хажуугаар ажил хийж байсан уу? 

-Хоёр жилийн хугацаанд 8,9 ажил хийж үзсэн. Хууль бусаар ажиллаж байгаа гэсэн үг. Ажлын амтыг мэдэрсэн мөн зовлонг ч мэдэрсэн. Төдийгөөс өдийг хүртэл өөрийнхөө гүргэр зангаар энэ хүртэл явсан учраас өөрөөрөө бахархдаг. Ажил хийгээд уйлж гарч ирсэн тохиолдлууд ч байгаа. Тэр бүр хүмүүсийн нүдэнд ил гаргадаггүй. Хүн бүр өөр өөрийнхөө замаар явж байгаа шүү дээ. 

Америкийн нэгдсэн улсад амьдарч, ажиллахын сул бас давуу тал юу вэ?

-Сайн муу аль ч талаар намайг их өөрчилсөн. Сайн тал нь их байгаасай гэж хүсэж байна. Хүмүүс ихэвчлэн гадаад дүр төрхөөр минь үнэлж, дүгнээд байх шиг санагдсан. Мэс ажилбар хийлгэсэн, байнга инээж явдаг ч гэдэг юм уу? Гэхдээ хүмүүсийн бодож байгаагаас эсрэг хүн. Хэзээ ч мөнгө харж эрэгтэй хүнийг сонгож байгаагүй, өөртөө их үнэнч өөрийн гэсэн амьдралын зарчимтай. Сэтгэлдээ буртаг хийх үйлдэл хийж явдаггүй учраас жаргалтайгаар инээж чаддаг байх гэж боддог. Хүн өнгөрсөн дурсамждаа амьдардаг эсвэл ирээдүй руу хэт тэмүүлж амьдардаг. Одоо байгаа зүйлсээ мартаад байдаг юм шиг санагддаг. Миний бүх зүйл ил байдаг.  Дургүй бол дургүй, шаардлагагүй бол харьцахгүй , хайртай бол мэдрэмжээ илэрхийлнэ. 

Найз гэдэг хүн  хүний сэтгэлийн маш том орон зайг эзэлдэг шүү дээ. Хэр олон найзтай вэ?

-Цөөхөн хэдий ч  хүчирхэг, гайхалтай найзуудтай. Найзуудыгаа тултал, эмгэн болтлоо хайрлана. Яаж ч муудсан эвлэрэх орон зай үлдээнэ гэдэг зарчимтай. Миний хувьд айлын ганц охин учраас найзууд гэдэг маш том орон зай эзэлдэг. Найзууддаа үнэнч, юуг ч хийхэд бэлэн байдаг.

Амьдралдаа харамсаж явдаг зүйл байгаа юу?

-Надад энэ амьдралд харамсаж явдаг зүйл байхгүй. Яагаад гэвэл харамсахаар гол зураад маш хэцүү байдаг. Тиймээс нэг л шийдсэн бол шийдвэртээ бат зогсдог. 

Ямар чиглэлээр АНУ-д суралцаж байгаа вэ?

-Luxury брэнд хөгжүүлэлтээр сурч байгаа. Бизнесийн суурь мэдэгдэхүүн байхгүй учраас хамгийн хэцүү гэж бодсон сургуулиа сонгосон. Урлагийн сургуулийн тэтгэлэг авсан. Найруулагч, кино зохиолч мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Шат дараалалтайгаар суралцаад явна. Хүний нутагт, өөр хэл дээр магистраар сурна гэдэг бол тоглоом биш. 

Монголд хэр удаан байх вэ?

-Хувийн амьдралд, ажил төрөл, бичиг баримт маш олон ажлыг амжуулахаар амралтынхаа хугацаанд ирсэн.  Тийм учраас бүх ажлаа хурдхан шиг цэгцэлж дуусаад явах бодолтой байна. 

Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцвал?

-Амьдралд ам гарч болдоггүй гэдэг дээ. Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юу ч болохыг үгүйсгэхгүй. Тийм болохоор ам гармааргүй байна. Урдаа тавьсан зорилго, зорилтуудаа алхам шат дараатайгаар гүйцэтгэж байвал хүсэж байгаа зүйлээ хийж байна гэсэн үг. Ирээдүй рүү яаран тэмүүлдэггүй одоо байгаадаа оршиж амьдрахыг илүүд үздэг. Тийм болохоор амьдралд битгий ам гарч байгаараа гэж хэлмээр байна. 

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02