Завхан аймгийн Засаг даргын 2022 оны А/234 дугаар захирамжаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Төрийн байгууллагуудад зориулалтын бус хуванцар сав хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Завхан аймгийн Улиастай, Тосонцэнгэл, Их-Уул сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийт 30 гаруй төрийн байгууллагын гол тогоо, цайны газарт ашиглаж буй хуванцар савны хэрэглээнд хяналт хийлээ.
Хяналтаар нийт 23 байгууллагын гал тогоонд ашиглаж байсан 66 нэр төрлийн 1073 ширхэг хуванцар болон хувцанцар нь хайлсан, мөн тефлон бүрмэл нь хууларсан сав, суулгыг стандартын шаардлага хангасан хүнсний зориулалтын саваар солиулах арга хэмжээ авч, ажиллалаа.
Сүүлийн жилүүдэд манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсаж, хорт хавдрын өвчлөл хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа нь хуванцар савны хэрэглээнээс шалтгаалж байж болзошгүй гэдгийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Хорт хавдраар өвчилж буй иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгийн иргэд тэр дундаа малчид их өвчилж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь иргэд хуванцар саванд сүү, цагаан идээг боловсруулж, хэрэглэж байгаатай холбоотой гэж судлаачид онцолсон байна.
Иймд иргэд та бүхэн өдөр тутмын хүнсний хэрэглээндээ хуванцар сав, суулга хэрэглэхгүй байж, бидний хойч ирээдүй болсон үр хүүхдээ хорт хавдрын өвчлөлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас УРИАЛЖ байна.